Өвөрхангайд сонгогчид шаардлага тавьж жагсаал хийлээ

Тус аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумын нийт 12764 иргэн энэ удаагийн ээлжит сонгуульд оролцож саналаа өгснөөс Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболдын төлөө 6295, МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын төлөө 6236 иргэн саналаа өгчэ. Сонгуулийн энэхүү дүнг 13 хэсгийн хороо тус бүртээ батлан тогтоол гаргасан бөгөөд үүнийг нь үндэслэн гурван салбар хороо мөн албан ёсоор баталж, 24-р тойргийн хороонд хүргүүлээд байгаа аж. Хэсгийн болон салбар хорооны баталсан дүнгээр З.Энхболд санал өгсөн нийт иргэдийн 49.63 хувийн санал буюу нэр дэвшигч Д.Сугараас 60-аад саналыг илүү авч УИХ-ын гишүүнээр соногдох болзлыг хангаад байгаа юм. Гэтэл 24-р тойргийн хороо сонгуулийн хэсгийн болон салбар хороодын шийдвэр, ард түмний сонголтыг үл хүндэтгэн сонгуулийн нэгдсэн дүнг батламжлахаас үндэслэлгүйгээр татгалзан шийдвэрээ гаргахгүй байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38-р зүйлийг зөрчсөөр байна. Уг нь сонгуулийн тойргийн хороо нь дээрх хуулийн заалтын дагуу хэсгийн болон салбар хорооны шийдвэр, тогтоолыг үндэслэн сонгуулийн нэгдсэн дүнг баталж 25 хувиас дээш буюу бусдаас илүү санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргах ёстой байдаг аж. Түүнээс гадна тойргийн хорооны гишүүд МАХН-ын шахалт, дарамтын дор Тарагт сумын 48-р хэсгийн хороо буюу Туяа багт явагдсан санал авалтын ажиллагааг шалгах нэрээр өчигдөр сонгогч иргэдтэй уулзан байцаалт, мэдүүлэг авах хууль бус ажиллагаа явуулжээ.
Тойргийн хорооныхны энэхүү хууль бус ажиллагааг энэ сарын 27-нд явагдсан сонгуулийн дүнг хүчингүй болгуулах гэсэн тус хорооны зарим гишүүдийн увайгүй санаархал хэмээн жагсагчид дүгнэж гурван шаардлага тавьжээ. Yүнд
1.Сонгуулийн хэсэг болон салбар хороодын тогтоолыг үндэслэн сонгуулийн тойргийн дүнг яаралтай нэгтгэн гаргаж олон нийтэд мэдээлэх
2.Нэр дэвшигч З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ даруй гаргах
3.24-р тойрогт явагдсан сонгуулийн санал авалтыг хүчингүйд тооцох гэсэн явуургүй хууль бус санаархлаа зогсоох гэжээ.
Хэрэв дээрх шаардлагыг хүлээж авахгүй бол жагсагчид аймгийн төр захиргааны ордны өмнө эсэргүүцлийн цуглаанаа үргэлжлүүлсээр байх гэнэ.
Дугаар шилжих мөчид УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн хороо хуралдаж Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн Зандаагийн Энхболд ялсан шийдвэрийг гаргаж, түүнд УИХ-ын гишүүний батламжийг гардуулсан байна.
/Өдрийн сонин, 2004-6.30, 161/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button