Шинэ парламент хоёр дэд даргатай байх нь тодорхой ажээ

УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд тухайн нам, эвсэл олонхи, харин 38-аас доош суудал авсан тохиолдолд цөөнх болох ажээ. Өнөөдөр үүсээд байгаа нөхцлөөр буюу МАХН, Эх орон-Ардчилал эвсэл тус бүр 36 суудал авсан тохиолдолд парламентад олонхи байхгүй гэсэн үг. Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн хоёрт зааснаар бол аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх юм байна. Хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах-аар дээрх хэсэгт тусгажээ. Мөн үндсэн хуулийн 22 дүгээр зүйлд зааснаар бол, Ерөнхий сайд томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах эсвэл Ерөнхийлөгч УИХ-г тараах тухай шийдвэр гаргах ажээ. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байна. Хэрэв уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэхээр Yндсэн хүүлийн 39 дүгээр зүйлийн хоёрт заажээ. Yндсэн хуульд энэ заалтыг 2000 онд нэмсэн байна. Харин УИХ-д нам, эвсэл, хүчнүүдийн авсан суудлын тоо тэнцсэн тохиолдолд дээрх асуудлыг хэрхэн зохицуулахыг холбогдох хуулиудад тодорхой заагаагүй гэж УИХ-ын зөвлөхүүдийн нэг хэллээ. Юутай ч одоо байгуулагдах УИХ хоёр дэд даргатай байх нь тодорхой гэнэ. Яагаад гэвэл УИХ дахь бүлэг тус бүрээс дэд даргыг сонгохоор хуульд заасан байна.