Н.Багабанди Ард түмний сонголт эцсийн дээд шийдвэр

Сонгуулийн төв байгууллагаас энэхүү сонголтын үр дүнг албан ёсоор баталгаажуулж нийтэд зарлах л үлдэж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний хувьд би сонгуулийн өмнөхөн СЕХ-ны гишүүдтэй уулзаж сэтгэлийн дэм өгөхийн хамт иргэдийн оролцоог хангах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үнэн зөв, алдаа мадаггүй үйлдэх, сонгуулийн тухай хууль, дүрэм журмыг иргэдэд таниулах, ялангуяа санал авах, санал тоолох ажлын ил тод нээлттэй байдлыг хангах, сонгуулийн дүн гаргах ажлыг хөндлөнгийн хяналттайгаар элдэв хэл амгүйгээр сайн зохион байгуулахыг анхааруулж зөвлөж байсан.
Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын гишүүд үүний дагуу элдэв нөлөөлөлд авталгүй, хуулийн дагуу хариуцлагатай, шударга ажилласан гэж найдаж байна.
Гэхдээ сонгуулийн явцын талаар гарсан гомдол хүсэлтийг шуурхай хянан шийдвэрлэх, саналын дүнг нэгтгэх ажил харьцангуй удаашралтай байгаа байдал мэдрэгдэж байна. Yүнээс шалтгаалан сонгогч, сонгогдогчдын дунд бухимдал, горьдлого, зарим талаар тодорхойгүй байдал үүсч энэ нь нийгэмд үл ойлголцол, зөрчил тэмцлийн өдөөгч болох төлөвийг үгүйсгэх аргагүй байна.
Энэ бүхнийг харгалзан СЕХ хуульд заасан бүрэн эрхийн дагуу ил тод, шуурхай, аливаа улс төрийн хүчний дарамт шахалтад авталгүйгээр хараат бус бие даасан байдлаар ажиллан, хуульд заасан хугацаанд сонгуулийн дүнг улсын хэмжээнд нэгтгэн нийтэд зарлах ажлыг шуурхайлбал зохино. Ард түмний сонголт бол эцсийн дээд шийдвэр. Энд ямар нэг засвар, эргэлзээ байх учиргүй. Сонгуультай холбоотой цааш цаашдын бүх ажил хуулийн дагуу, шударгаар шийдэгдэх ёстой гэв.
/Өнөөдөр, 2004.7.1, 153/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button