М.Энхсайхан Улс төрийн хүчнүүдийг их эвлэрэлд уриалсан сонголт боллоо

Эх орон-Ардчилал эвслийн сонгуулийн төв штабын дарга П.Цагаан сонгуульд ялалт байгуулсан гишүүдээ танилцуулж нэрийг нь дуудах бүрт цугласан олон уухайлан, баяр хүргэж байлаа. Түүний дараа эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан үг хэлэхдээ Бидний дэвшүүлсэн хөтөлбөр сонгогчдын олонхийн саналыг авлаа. Энэ бол түүхэн боломж. Бид зөөлөн сандал, ширээний төлөө тэмцэлдээгүй. Монголын төрийн бодлогыг хүн ард руугаа чиглүүлж, төрийг олон түмний зарц болгохын төлөө тэмцэж байна. Эрх баригч МАХН-ын зарим удирдах нөхөд ард түмний сонголтыг үл ойшоож, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байгаа нь тэднийг ямархуу ёс суртахуунтай, хүнд сурталтан болсныг харуулж байна. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэсэн монгол ардын сайхан үг бий. Yүнтэй адил өөрсдийнхөө зохион байгуулсан сонгуульдаа ялагдал хүлээчихээд өрөөл бусдаас бурууг хайж байгаа эрх баригчид ард түмний өмнө ичиг.
Урьд өмнө болж байсан бүх сонгуулийн дүн тэр шөнөдөө гарч байсан уламжлал эвдэгдэж, сонгуулийн дүнг саатуулж, зарим тойргийн дүнг эргэн харж үзэх гэсэн увайгүй оролдлогын цаана юу нуугдана вэ?
…Энэ бүгд бол эрх баригчдын зарим хэсэг нь эрх мэдлээ алдсантайгаа эвлэрч чадахгүй байгаа замбараагүй хөдөлгөөн гэж би ойлгож байна.
…Ард түмний шинэ сонголт бол монголчуудад ард түмний эрх ашгийн төлөө улс төрийн хүчнүүдийг их эвлэрэлд уриалан дуудсан сонголт болсон нь гарцаагүй гэв.
Мөн дэд менежер Н.Чулуунбаатар, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүх, Б.Баатар, Г.Батхүү нарын зэрэг хүмүүс сонгогчдод хандан талархахын сацуу зарим тойрогт маргаан гарсанд МАХН болон Сонгуулийн ерөнхий хороог буруутгаж байгаагаа илэрхийлж байсан юм. Цуглаан нэг цаг гаруй үргэлжлэв.
/Өнөөдөр, 2004.7.1, 153/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button