МАХН-ын Удирдах зөвлөл мэдээлэл хийлээ

Ц.Нямдорж – Сонгуулийн хамгийн сүүлийн мэдээнээс үзвэл МАХН 36 суудал, Эх орон-ардчилал эвсэл 34, БНН нэг, бие даан нэр дэвшигчид гурван суудал аваад байна. Өөрөөр хэлбэл МАХН бусдаасаа олон суудал авлаа. Сонгуулийн хоёр тойрогт маргаантай байна. Энэ нь засгийн эрхийг хуваарилахад түвэгтэй байдалд оруулж мэдэхээр байна. Хуульд зааснаас үзвэл УИХ-д бие дааж сонгогдсон хүмүүс Засгийн газар байгуулах, ямар нам, эвсэл УИХ-д олонхи болсныг тодорхойлоход оролцох ёсгүй. Харин УИХ, Засгийн газрыг байгуулсны дараа олонхийн эсвэл цөөнхийн бүлэгтэй нийлж болох хуулийн заалт бий. Шинээр бүрэлдсэн ларламент Ерөнхий сайдыг томилох санал оруулаад 45 хоногийн дотор шийдэж чадахгүй бол УИХ өөрөө огцрох хуулийн заалт байдаг. Одоогийн бий болсон нөхцөл Ерөнхий сайдын саналыг оруулахад түвэгтэй байна. Сонгууль шударга болоогүй. Ирэх дөрвөн жилд улс төрийн нөхцөл байдал хүнд байх төлөвтэй. Улс төрийн хүчнүүдийн харьцаа ойролцоо гарч, нийгмийн уур амьсгал хүнд байгаа энэ үед эвслийнхэн олон нийтийг төөрөгдүүлэх, өдөөн хатгах үйлдэл хийж байгаад харамсч байна. Сүүлдээ сонгуулийн үйл явцад эрүүгийнхэн оролцохыг санаархаж эхэллээ. Эцэст нь хэлэхэд МАХН сонгуульд хуулийн заалтуудыг мөрдлөг болгож, шударгаар өрсөлдөх зарчим баримталсан гэж мэдэгджээ.
Сайдын хэлснээр ирэх дөрвөн жилд улс төрийн нөхцөл байдал маш хүнд болох гэнэ. Өнөөдөр Монголд сонгогчдын хүчээр шударга төр, засаг бүрдэхэд хэцүү болж. Сонгогчдыг худалдаж авдаг болж. Удахгүй гадаадынхан худалдаж авдаг болно. Эвслийн нэр дэвшигчид дийлэнх нь компанийн захирлууд. Эрүүгийнхэнтэй толгой сүүжээрээ холбогдоод явж байдаг. Тэд өртэй. Өрөө цайруулахын тулд гаднынханд худалдагдахаас буцахгүй. Энэ бол шинэ сонголт биш. Аймшигтай ухралт. Аймшгийн үр дагавартай юм цаашдаа болно доо гэж тэрбээр хэлэв.

Ц.Мөнх-Оргил – Сонгууль будлиантай болсон гэдгийг сонгуульд оролцсон бүх нам, эвсэл хүлээн зөвшөерч байна. Одоогийн байдлаар байнга болон түр оршин суудаггүй хүмүүсийг зохион байгуулалттайгаар шилжүүлж санал өгүүлсэн зөрчил олон гарлаа. Архи, эд бараа, мөнгө тараах явдал хэрээс хэтэрсэн талаар сонгогчид гомдол ирүүлсээр байна гэв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараахь асуултад хариу авлаа.

– Эх орон-Ардчилал эвслийнхэн төрийн эрх барьж буй МАХН-ынхан сонгуулийг зохион байгуулсан.Тийм учраас элдэв будлианыг МАХН гаргасан гэж тайлбарлаж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

– Энэ удаагийн сонгууль үнэн, худал хоёрын тэмцэл болж өнгерлөө. Эх орон-Ардчилал эвслийнхэн бохир, муухай арга олныг хэрэглэсэн. Харин МАХН хууль ёсыг дээдэлж сонгуульд ерсөлдсөн. МАХН бохир арга хэрэглэсэн бол УИХ-д илүү олон суудал авч чадах л байлаа. Бид тэгээгүй. Эвслийнхэн өөрсдийнхеө муу, муухай бүхнийг МАХН руу түлхэж байна. Ардчилсан намынхан сонгуульд бохир арга хэрэглэж оролцох талаар төлөвлөгөө гаргасан байсныг бид олсон. Гэхдээ бүр эрт тавдугаар сард олж Үндэсний аюулгүйн зөвлөл болон Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн юм. Сонгуульд тэдний төлөвлөсөн олон бохир аргыг хэрэглэсэн. Эх орон-Ардчилал эвслээс УИХ-д нэр дэвшсэн хүмүүсийн олонхи нь компанийн захирал байна. Тэдний ар талд эрүүгийнхэн бий. Эвслийнхэн засгийн эрхийг мөнгөөр худалдаж авахыг санаархаж байна гэлээ.
-СЕХ-ноос авахуулаад тойрог, хэсэг, салбар хороодын бүрэлдэхүүний дийлэнх МАХН-ын гишүүд байсан. МАХН сонгуулийг бүхэлд нь зохион байгуулсан байтал яагаад эвсэл луйвардлаа гээд байна вэ гэсэн сурвалжлагчийн асуултад Ц.Нямдорж сайд
-Сонгуулийн хороодод нам хяналт тавьдаггүй. Яагаад манай намын гишүүд ийм нөхцөл байдал үүсгэв гэдэг жич асуудал. Д.Сугарын тойрог дээр манай намын ажиглагч архидаж яваад шөнийн 23 цаг хүртэл санал хураалгачихсан хэмээн хариулав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button