Банкууд хэвийн ажиллаж байна

Эрх баригч МАХН-ын мэдэлд байдаг ТВ-9 телевиз болон Зууны мэдээ сониноор өчигдөр ч мөн адил дээрх мэдээлэл давтагдлаа. Энэ нь мэдээллийн хэрэгсэл ашиглан ард түмэнд буруу ойлголт өгч тархийг нь угаах улс төрийн бодлого байсан бололтой.
Энэ тухай нөлөө бүхий банкуудаас асууж тодруулахад тэд эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Тухайлбал, Монголбанкнаас Арилжааны банкууд сар бүр тайлангаа гаргаж өгдөг. Бид түүнийг нь нэгтгэж нийтэд зарладаг. Одоогоор тийм зүйл ажиглагдаагүй байна. Ташаа мэдээлэл байх. Бид бусад банкуудын өмнөөс ямар нэгэн тайлбар хийх эрхгүй гэлээ.
Мөн ХААН банкнаас дээрх мэдээллийг няцааж Бид Монгол орон даяархи харилцагчдадаа ХААН банкны аль ч салбар нэгжид энэхүү мэдэгдэлд дурдаж байгаа шиг ямар нэг асуудал гараагүй гэдгийг батлан хэлэхийг хүсч байна. Өчигдөр л гэхэд манай банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө 600 сая төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд банкны хүчирхэг, найдвартай үйл ажиллагаанд үл итгэсэн харилцагчийн ямар ч үйлдэл гараагүй болно. ХААН банкны Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь салбар нэгжүүдэд ямарваа нэг ер бусын үйлдэл огт гараагүй хэмээн дурджээ. Мөн арилжааны банкууд болон Монгол банкны холбооноос мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд Монгол Улсын УИХ-ын 2004 оны сонгуулийн урьдчилсан нөхцөл байдал нь банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж харилцагч нар мөнгөн хөрөнгөө банкнаас татаж байгаа гэх ташаа мэдээллийг сүүлийн үед Yндэсний телевизийн мэдээллийн хөтөлбөр ТВ-9, Зууны мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгааг ор үндэсгүй худал мэдээлэл бололхыг Монголын банкны холбооноос албан ёсоор эсэргүүцэн няцааж байна гэжээ.
Энэ мэтээр өчигдөр Голомт, Худалдаа хөгжлийн банк, Анод эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эрх баригч МАХН Эх орон-Ардчилал эвслийг сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулсанд эгдүүцэж энэ мэт худал мэдээллийг тараах нь олширсон. Мэдээллийн цаад утга нь иргэдийн мөнгийг өөрсдөөр нь татуулж зохиомол дампуурал бий болгох гэсэн санаархал юм. Ард түмний хөрөнгөөр тоглох гэсэн иймэрхүү арга амжилтад хүрэхгүй биз ээ.
/Өдрийн сонин, 2004.7.2, 163/