Ард түмний амьдралыг амбицаараа бүү барьцаалаач

Дөрвөн өдрийн дотор улс төрийн идэвхтэй сонгогчид лав хэдэнтээ цуглаан жагсаал зохион байгуулж, туг далбаа намируулан сүр зарлаад авав. Хуульчид тайлбар хийхээс татгалзан дуугаа хураан дүмбийж, бизнесийнхэн томоохон хөрөнгө оруулалт шаардсан ажлаа түр хойш тавин, ард түмэн наадам, сонгууль хоёрын дунд наадах, нанчилдахаа мэдэхгүй саатав.
СЕХ өмнөх сонгуулиудын үеийнхээс ч илүү улайран ажиллаж, зарим тойрог, хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаар шийдсээр байгаа нь сонголтоо нэгэнт хийсэн ард түмний дургүйцлийг төрүүлж эхлэв. Тус хорооны хар дансанд оролгүй үлдсэн хэд хэдэн тойргийн сонгогчид дахин санал хураалт явуулахыг хүссэн өргөдлөө гудамжны бухимдалтай цуг илэрхийлж, улс төрийн хямрал сүүлдээ үндэсний хямралын төвшинд хүрэх янзтай. Тойрог бүрт МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигчдийг дэмжсэн сонгогчид олон, цөөн ялгаагүй байгаа. Энэ утгаараа санал хураалтыг цуцлуулах хүсэлт хувь хүн бүрээс гарч, өргөх бичиг барин гүйж болох. Харамсалтай нь одоо энэ байдал үлгэр биш бодит үйл хэрэг болон өрнөж, сонгогч бүр өөрийнх нь дэмжсэн нэр дэвшигч заавал ялалт байгуулах ёстой гэсэн ойлголтоор хилэгнэцгээж эхлэв. СЕХ-нд хүсэлт гарган санал хураалтыг дахин шалгуулах сонирхолтой иргэд 59, 76 дугаар тойрогт өрнөж байгаа үйл явдлаас санаа аван ийнхүү хийрхэж буй нь мэдээж. Энэ янзаараа 76 тойрогт бүгдэд нь будлиан үүсч болох. Энэхүү цалгардан бухимдсан байдал газар авахад СЕХ-ны яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зоримог бус байдал нөлөөлж байгаа нь лавтай.
Шулуухан хэлэхэд ажлаа хийж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай яриа ч газар авлаа. Сонгуулийн дүн гарахгүй удаашрах тусам ард түмний амьдрал амбицтай улстөрчдийн барьцаанд хүлээстэй сууж, улс төрийн хүрээнийхний бялуу тойрсон хуйвалдаан гарав.
Ялалт байгуулагчдад гэнэт хайр зарлах хүсэлтэй бялдуучлагчид Эх орон-Ардчилал эвслийн байранд өдөр төөрүүлж, бусдын нүднээс далдуурхан МАХН-ын цагаан ордон руу жирийлгэн, жингийн туухай тэнцүүлж, нэг сумаар хоёр туулай буудахаар гэтэх болов. Харин дээгүүрээ Р.Амаржаргал, Буян Жагаа нар үнэд орж, хоёр талын хүчнийхэн тэднийг сайдын сэнтийгээр дарж алах нь холгүй ам тангараг өргөн ар өврөөр нь гүйлдэв. Арилжааны бооцоо нь мөнөөх л ард түмний ядуу татуу амьдрал.
Ийнхүү улстөрчид мөн чанараа таниулж эхэллээ. Ямар нэгэн аргаар ердийн олонхи болж Засгийн газраа байгуулах эрхтэй үлдэх гэсэн МАХН сонгуулийн дүнг нийтэд зарлах ёстой 14 хоногийн хугацаанд байдлыг өөрийнхөө талд эргүүлэхээр ер бусын их хүч гарган ажиллаж, тэдний хөлд бензин, дизелийн түлшний нэмэгдэл болох 30 төгрөг улстөржин дүрсээ хувилгав.
36+36+3+1=76 гэсэн тоог Н.Энхбаяр, М.Энхсайхан нар толгойгоо эргэтэл хэдэн янзаар бодож, хаагуур нь хаалт хашилт хийхээ тодорхойлох гэсээр ядарч, СЕХ-ны дүн мэдээ үүний хэрээр хойшилж байгаа янзтай.
Yнэхээр шинэхэн парламент гацаанд оржээ. Гэхдээ энэ нь улс орны эрх ашгийг намынхаасаа дорд үзсэн том улстөрчдийн бий болгосон зохиомол гацаа. Тэд эвлэлдэн нэгдэхийг эрхэмлэхээсээ илүү эрх мэдлийг дангаар эзэмшихээр оролдож, үүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй улайрч, ингэснээрээ дарангуйллыг хүсч байгаагаа нуусангүй. Гэвч ард түмэн үүнийг хүсээгүй. Адил тэнцүү хүчнээс бүрдсэн эвсэг парламентаар удирдуулан, хүчтэй улс төрийн хүчнүүд, улстөрчдийг нэгэн эгнээнд зүтгүүлэхийг тэд хүсч, энэ сонголтыг хийсэн. Хэрэв дахин сонгууль зарлавал олонхи нь саналаа өгөлгүй гэдийн үлдэж ч мэднэ.
Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээгүй гэж зэмлүүлээд байгаа МАХН сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулан зарглах ёстой 14 хоногийг яаж ийгээд өнгөрөөх гэж жүжиг найруулан байгааг үгүйсгэх аргагүй болчихлоо.
Одоогоор ялалт байгуулаад байгаа Эх орон-Ардчилал эвсэл ч тэдэнтэй гар барилцан бялуугаа хуваалцахаас зайлсхийж буй. Телевиз, сонингууд сонгуулийн кампанит ажлын үеийнхээс ч илүү эрчимтэй ажиллаж эхлэв. Өнгөрсөн хугацааны туршид намчирхсан хуваагдлаар хэмжүүлэн амьдарч байсан монголчууд үзэл бодлын далд эрчим хүчээ бороохой чулуугаар илэрхийлэхээс буцахгүй адган яарч, улс орон бүхэлдээ МАХН ба Эх орон-Ардчилал эвсэл гэсэн хоёр талбарт хуваагдчихлаа. Yүний цаана сонголтыг нь үл тоомсорлож байгаатай эвлэрэхийг хүсээгүй сонгогчийн бачуурал нуугдах аж.
Булхайтай, будлиантай сонгуулийн тухай мэдээллүүд ар араасаа түгэх бүрийд энэ бачуурал улам гаарч, гадаад ертөнцөд Монгол орны нэр хүнд илэрхий унав. Гацаанаас гарч болох боломжийг улстөрчид хоёр өнцгөөс харж буй. Эх орон-Ардчилал эвслийнхэн бие даагчиддаа дулдуйдан ердийн олонхи болж Засгийн газраа эмхлэхээр яарч байгаа боловч Yндсэн хуульд бие даагчийн тухай ганц өгүүлбэр байхгүй нь хэцүү.
Харин МАХН цаг хожин, дахин хийх сонгуулийн хугацаанд шахагдан өнөөдрийн сонголт хуулийн дагуу хүчингүй болохыг хүлээж байж болох талтай. Энэ нь ч аргагүй. Хэрэв тус намын зүгээс сонгуулийн эхний өдөр нөхөр Д.Идэвхтэний гаргасан алдааг давтан ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байгаа зарлаж орхивол сонгогчдын уур амьсгал нэлдээ өөрчлөгдөж, олон нийт МАХН-аас нүүр буруулахад хүрэх юм.
Эх орон-Ардчилал эвслийнхэн чухам тэдний ийн алдахыг л хүлээж байгаа. Эвслийн нөхөд гэнэт ирсэн ялалтаа үргээхээс айж, дахин сонголтын тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа боловч, үүний цаана Сонгууль дахин явагдвал бид өнөөдрийнхөөс ч олон суудал авах боломжтой юм байна хэмээн найдвар исэлдэж байгаа бөгөөд тэд үүнийгээ цөөн саналын зөрүүгээр сүүлдсэн тойргуудаараа тайлбарлаж буй юм. Нэгэнт хуульд бие даагчийн тухай заагаагүй тохиолдолд Буян Жагаа 36+36 гэсэн тэнцвэрийн дунд үлдэж байна. Түүнийг татаж чадсан нь олонхи болох магадлалтай гэсэн найдахад хэцүү гарц харагдаж байж болох ч энэ нь амжилтад төдийлөн хүрэхгүй хувилбар юм.
Сүүлчийн гарц буюу хонгилын үзүүрийн гэрэл болох их эвлэрлийн төрийн тухай МАХН ч, Эх орон-Ардчилал эвсэл ч сонсох дургүй байгаа. Хуулийн үүднээс ч, ёс суртахуун, улс төрийн соёл талаасаа ч Ерөнхий сайдыг зөвшилцлөөр сонгон Засгийн газраа байгуулах нь хамгийн зөв шийдвэр. Хачирхалтай нь ард түмэн, улс орныхоо төлөө хэмээн хоолойгоо сөөтөл хашгирч байж сонгогчдоос адил тэнцүү санал авсан улс төрийн хүчнүүд хэтэрхий бэртэгчин авир гаргаж, утс тусын ялалтаа хувийн агуулах мэт өмчилж байгаа нь ичгэвтэр. Тэд дэндүү хувьчхан, хаяагаа хадрах хар нохой мэт араншинтай юм. Их эвлэрлийн төртэй болох гэж сонголтоо хийсэн ард түмнийг төрөөр нь, амьдралаар нь барьцаалан улс төрийн шоу тоглож, сонин хэвлэлээр нэгнийгээ ялааны алуур барин намнаж, үүндээ эрүүл бус төвшний сонгогчдыг турхиран оролцуулж, нийтийг хамарсан мөргөлдөөн үүсгэхээс ч буцахгүй улайрч буй улстөрчид үнэн нүүр царайгаа харуулж байгаа нь энэ. Өөрсдөө л өндөр суудалд тухалж байвал, ард түмнээ үзэл бодлоор нь хуваан, үхэлдэн хэмхэлдүүлэхээс ч буцахгүй болтлоо тэд үнэнчээр инээсэн төрх, үр хүүхдээр минь гоёсон имижээ гэнэт хувилгаж байх юм.
Ардчилсан төрийн сонгож чадах хэмжээнд хүртлээ монголчууд улс төрийн мэдрэмж, боловсрол олсон гэдгээ сонголтоороо нотолж, улстөрчид харин тэднээс хол хоцрон, 1990 онд үлдсэнээ үйлдэл бүрээрээ зарласаар байна. Ардчилсан төр, ард олны амьдралыг амбицаараа барьцаалах эрх МАХН болон Эх орон-Ардчилал эвслийнхний хэн хэнд нь байхгүй. Тэд адилхан л унаж босч, уруудаж өгсч, алдаж онож явсан улс төрийн хүчнүүд. Нэгэн парламентад нүүр тулан сууж, түмний хувь заяаг адил тэнцүү эрхээр шийдэх тавиланг тэдэнд 2004 оны УИХ-ын сонгууль, Монголын түүхийн энэхэн үе оноолоо.
Өрсөлдөгчтэйгөө ялдамхан инээмсэглэн гар барьж чадсан хүн том удирдагчийн төвшинд хүрснээ харуулж байгаа нь тэр гэсэн үг бий. Халз тулааны дараа ялагч, эсвэл ялагдагчтайгаа зоогийн ширээний ард сууж чадвал тэр нь өөрийгөө үнэлэх хамгийн том хэмжүүр гэсэн дорнын философи бий. Ард түмний минь амьдралыг амбицаараа бүү барьцаалаач. Энэ үгийг М.Энхсайхан, Н.Энхбаяр тэргүүтэй улстөрчдөд хандан хэлэх эрх нийт сонгогчид бий.
Ард түмнийхээ төлөө, 15 жилийн турш байгуулах гэж зүтгэсэн ардчилсан төрийн төлөө эвлэлдэн нэгдэх зориг аль алинаас нь гарах л ёстой. Ингэж найдаж хүлээе. Та нарын байгуулах гэж хүсээд байсан ардчилсан төрийг ард түмэн өөрсдөө сонгочихлоо. Одоо юу хийж чадахыг тань улс орон амьсгаа даран хүлээж байна. Уг нь монголчууд үндэсний хямралыг бус, их эвлэрлийн төрийг л даруухан сонголтоороо хүссэн юм.
Дөрвөн жилээс ч илүүтэй бужигнасан, сунагар уртдөрвөн өдөр өнгөрлөө. Их эвлэрлийн төрийг хүлээсэн итгэл найдварын галыг ард түмэн цучил нэмэн тордсоор л байгаа. Найдвар хамгийн сүүлд үхдэг билээ л…
/Өнөөдөр, 2004.7.2, 154/