Андуурна, эндүүрнэ гэхэд ингэж хол буудаж болно гэж үү?

Франц Пресс халуун цэгээс мэдээлж байна гэсэн үгсийг олон олон үйл явдлын эхэнд сонсч, шуурхай хүртээмжтэй ажиллах тэдний мэргэжлийн түвшинд мэхийж байлаа.
2001 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг тус агентлагийн Бээжин дэх салбарынхан мөн л сурвалжлан, Парис дахь төвдөө үтэр түргэн дамжуулж байв. Энэ удаа ч ялгаагүй. ВВС, Ройтерстэй өрсөлдөн УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг дэлхийд цацахаар яарсан. Монголын парламентад хүчний харьцаа ямар болсон?, 36х36 буюу үхлийн тэнцвэржилт төрийн тогтвортой үйл ажиллагаанд ямар урших тарих магадлалтай вэ? Тэдэнд ойлгомжгүй зүйл тун олон. Бид өөрсдөө хүртэл сонгуулийн шөнө ангайж, гайхаж, тэр аяараа л үймэлдсэн. Нойргүй хоносон шөнийн араас ойлгомжгүй түмэн асуулт дагаж, энэ зуны амралтаа төлөвлөж суусан монголчуудын амьдралын хэмнэл ч өөрчлөгдөв. Нийгэм хөдөлгөөнд орсон ийм үед Монголын өдөр тутмын хэвлэлүүдийн магнайд ямагт явдаг Өнөөдөр үндэсний эвлэрэлд улс төрийн намууд, нийт иргэдээ уриаллаа.
Харин энэхүү ухаалаг алхмын учрыг ухах мэдрэмж мөнөөх Франс Пресст дутав. Гадаадын сэтгүүлчид, төслийн ажилтнууд, ер хилийн чанадаас Монголыг сонирхон морилж ирсэн эрхмүүдийн нүд чих, хэл ам, хөл гар нь болон тусалж яваа орчуулагчдын гууль ийм үед цухуйдаг байж болох. УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн тэнцвэрт харьцаатай гарсны маргааш Өнөөдөр сонин эв нэгдэл, их эвлэрлийг зарлан Бие бөх бөгөөс ганцыг ялъюу. Эе бөх бөгөөс олныг ялъюу хэмээх эзэн Чингисийнхээ айлдварыг сануулан зарласан. Улс төрийн амьдрал дахь бужигнаан нь үл ойлголцлын уршигт гал өрдөх вий гэж болгоомжлон их хааны сургаалийг эгүүлэн санууллаа. Гэтэл гүн утгат энэхүү үгийг Франс Пресс дараах байдлаар дэлхий дахинаа цацав.
If you are alone, you can only kill one man, if you are strong collectiүely, you can kill many people
Ганц хүн хүчтэй бол нэгийг ална. Олноороо хүчирхэг бололныг хөнөөнө Хамгийн болхиор махчлан ухахад ч Чингис хааны сургаал Шекспирийн хэлнээ ингэж бууна гэж үү? Алах, ялахын ялгааг арван жилийн сурагч хүртэл төвөггүй орчуулж чадна. Тэгвэл Франс Прессийн сурвалжлагч, мэргэн орчуулагчийнхаа хамт ийм энгийн зүйлийг зориуд мушгиж сесаацлав уу? Тэр сенсаац нь дэлхий дахинаа Монгол улсыг ямархуу байдлаар зарлахыг төсөөлөөч. Төв Азийн өндөрлөгт мартагдсан гэх Монголын тухай доромж ойлголт энэхэн өдрүүдэд ч өөрчлөгдсөнгүй. Африкийн орнуудад болдог сонгуультай бараг ойролцоо бүдүүлэг эд, удирдагч хаад нь ч, сургаал мэргэн үгс нь ч түүнтэйгээ ялгаагүй шахуу гэж бодоо юм болов уу? Сонгуулийн урьдчилсан дүнгийн харьцааг дахин дахин нягтлан нямбайлж асуусан мөнөөх сурвалжлагчийн хариуцлагатай ажил худал хуумгай мэдээ болон дэлхийд цацагдлаа.
Франс Пресс, мэдээ чинь хуумгай болж. Yүнийг мэргэжлийн алдаа гэдэг. Алдаагаа сэтгүүлчид залруулдаг дүрэмтэй. Өвөг дээдэс, ард түмний хүндэтгэлт сургаал, энэ цагийнхнаас ч бас уучлал гуйна уу.
Өнөөдөр сонины редакци

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button