Yхлийн унаа зайдалсан залуус

Бидний ярьж заншсанаар, бичил буюу YI хороололд өнгөрсөн тавдугаар сард нэгэн аймшигт осол болсон. Хорь дөнгөж гарч яваа идэрхэн залуу, найз бүсгүйгээ сундлан мотоцикльтой давхиж яваад осолджээ. Мотоциклиороо бараг л нисч явсан залуу машинтай мөргөлдөж, найз бүсгүй нь амиа алдсан аж. Алс оронд сургуульд сурч байсан найз бүсгүй нь осол болохоос гуравхан хоногийн өмнө Монголд ирээд байсан аж. Удаан хүлээсэн найз бүсгүйгээ алдсан залуу өнөөдөр сэтгэлдээ зовлонтой, шаналж явна. Дэндүү эмгэнэлтэй. Осолд уг залуу буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байгаа ч энэ золгүй явдалд хатуу сургамж болоосой гэсэн үүднээс жишээ татлаа.
Замын цагдаагийн газрын нэгэн ажилтан Мотоцикльтой хүмүүсийг шалгахад жолоодох эрхийн үнэмлэхтэй нь, үнэмлэхгүйгээсээ хавьгүй цөөн байдаг. Yнэмлэхгүй байна гэдэг нь замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй гэсэн үг хэмээсэн юм. Ёрловол, өчнөөн аймшигт осол биднийг өмнө хүлээж байна гэсэн утгыг дээрх цагдаагийн ажилтны үгнээс гаргаж болохоор. Тэрбээр Мотоцикльтой холбоотой гарсан осол, хэргүүдийн ихэнх нь жолоодох ур чадвар муугаас үүдэлтэй. Нийслэлд одоо явж байгаа мотоциклиуд хүч ихтэй, хурдаа огцом авдаг. Харин жолоодож яваа хүн нь хурдаа сааруулж амжилгүй осолдох нь бий. Хөдөлгөөн ихтэй газарт хурадална гэдэг аюул, осолд л хүргэхээс айн зүйл авчрахгүй. Замын нөхцөл байдал, хөдөлгөөний онцлогийг аваад үзэхэд манай нийслэлд мотоцикль одоохондоо нэг их зохимжгүй санагддаг. Яваандаа иргэд мотоциклийг унаж, эдэлж сурсны дараа хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсартай болсны хойно л мотоцикль явуулахыг зөвшөөрвөл дээр байх. Замаа өргөтгөх хэрэгтэй, энхэл донхолгүй, сайхан замын унаа юм шүү дээ. Сонирхуулахад, манай замын цагдаагийнхан мотоциклийг үхлийн унаа гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Yнэхээр, хүмүүсийг үхэл рүү илгээх зэвсэг болж байна гэхэд буруудахгүй. Монголчууд мотоциклийг унаж сураагүй. Сурахад хугацаа хэрэгтэй. Хаа ч байсан юм хэмээлээ.
Өнөөгийн залуусын сонирхлыг татаж буй зүйлийн нэг бол яах аргагүй мотоцикль. Цоо шинэхэн мотоцикльдоо найз бүсгүйгээ сундлаад салхи татуулан давхиж буй залууд атаархахгүй хүн гэж үгүй. Тиймдээ ч түүнээс дутахыг үл хүснэ. Энэ хэрээр мотоциклийн тоо цаашдаа өсөх хандлагатай байгаа гэнэ. Мэдээж үүнийг дагасан нарийн зохион байгуулалт, дүрэм журмаа сайжруулах шаардлага гарч ирнэ.
Шаргын говьд мотоцикльтой хүн хоорондоо мөргөлдөж байсан гээд бод доо. Шартай, хортой, нэгийгээ хүндэлж сураагүй монголчуудад зохих улаа лав биш.
/Өнөөдөр, 2004.7.2.154/