Маргааш өгөх дахин сонгуулийг эсэргүүцэж жагслаа

Өнөөдөр Эх орон-Ардчилал-ийн гишүүд дэмжигчид Ардчилсан намын төв байрны өмнө сонгуулийн будлиантай 24,59 дүгээр тойргуудад маргааш дахин санал хураалт явуулах болсныг эсэргүүцэж цуглаан зохион байгууллаа. Цуглаанд энэ удаагийн сонгуульд эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан гишүүд, намын удирдлага, ардчиллыг дэмжигч ард нийт өргөнөөр оролцсон томоохон цуглаан боллоо.
Тэд олонх болох гэж улайран тэмцээгүй, олонх болгож сонголтоо хийсэн ард түмнийхээ саналыг баталгаажуулахын төлөө, ард түмнээ хүндэтгэхийн төлөө тэмцэж, уриалж байна гэж байлаа. Цуглаанд оролцогсод тэндээс СЕХ-д эсэргүүцэл шаардлагаа хүргэхээр Тус хорооны байрлаж буй Ялалт-ын талбайн зүг хөдөлсөн юм.
Тус цуглааан дээр Монголын сонины холбоо эвслийн тэмцлийн үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхиййлж уриалга гаргасан байлаа. Уриалгад Шат дараалсан удирдлагыг гартаа атгаж байсан МАХНын хүч тэнцвэргүй сурталчилгаа нь ард түмний хүсэл зоригийг нухчин дарж чадаагүйг энэ удаагийн сонгууль харууллаа. Ялангуяа монголын үндэсний телевиз, хэвлэл мэдээллээр тэнцвэртэй нэвтрүүлэг явуулахгүй байгаа нь ард түмэнд нэг намыг тахин шүтэх ойлголтыг төрүүлж байна. Тиймээс Монголын сонины холбооноос Монголын хэвлэлийн мэдээллийн хууль, рекламны тухай хуулийг зөрчсөн байдлыг таслан зогсоохыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад уриалж байна гэжээ. Түүнчлэн Эх орон-Арчилсан эвслийн удирдлага дэмжигчид ард түмнийг тэмцэлд уриалан дуудаж, байр сууриа илэрхийлж байсны заримаас хүргэхэд
Б.Сосорбарам
Монголын Эх орон-Ардчилал эвсэлд баяр хүргэхээсээ илүү амжилт хүсэж байна. Энэ ялдамд зарим тойрогт дахин сонгууль явуулах гэж байгааг эрс эсэргүүцэж ард түмний саналыг хүндэтгэхийн хамт энэ тэмцлээс ухрахгүй байх хэрэгтэй. Энэ их тэмцэл, энэ их зөрчилдөөн даамжирсаар цус урсгах вий гэж би айж байна. Энэ тэмцэл ухаалаг бөгөөд хүчтэй тэмцэл байх ёстой. Өнөөдөр ихэнх монголын уран бүтээлчид мөнгөнд хууртаж, мөнгөнд худалдагджээ. Уран бүтээлчийн бүтээл туурвих бүх боломжийг хэн нээсэн юм бэ? Монголын ардчилал авчирсан юм. Энэ алхмыг бид алдах эрхгүй. Тиймээс Монголын ард түмэн энэ тэмцлээс ухрахгүй байхыг уриалж байна.
С.Оюун Монгол улс өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажилгүйдэл, ядуурлыг бууруулж чадаагүй, эдийн засгийн таатай орчныг бий болгож чадаагүй. Yүнд ард түмэн дүн тавьчихаад байхад шал өөр шалтаг, шалтгаан хайж байгаад маш их харамсч эсэргүүцэж байна. Бид хоёрхон зүйлийг шаардаж байгаа. Нэгдүүгээрт, сонгуулийн дүнг баталгаажуулж өгөөч. Хоёрдугаарт, тэнцвэртэй төрийг байгуулах боломжийг олгооч.
Р.Гончигдорж Өнөөдөр МАХН цөөнх болчихоод хууль бусаар тэмцэж байгаад эсэргүүцэж байна. Өнөөдрийн ард түмний хийсэн сонголт бол эрхтэн дархтнаас ангижрах гэсэн шинэ сонголт юм. Энэ сонголт 1990 онд хийсэн ардчиллаа дахин сонгосон шинэ сонголт байсан юм. Энэ сонгуулийн үр дүн бидэнд юуг батлан харуулав? Чухамхүү ард түмэн ардчиллаа хамгаалах гэсэн шинэ сонголтыг зөв мэдэрсэн сонголт байлаа. Өнөөдөр ийм сонголт хийх цаг нь болсныг сонгуулийн үйл явц харуулж байна. Өнөөдөр ардчиллыг, хүний эрх, эрх чөлөөг, ард түмний төрөө байгуулах эрхийг гуйвуулах гэсэн хїмїїсийн чухамхүү үнэн нүүр царайг илчилсэн үйл явдал болж байна. Сонгуулийг зохион байгуулах үндсэн үүргийг өөртөө хүлээж авсан тэр байгууллагууд сонгуулийнхаа явцад санаатай хийсэн үйлдлээр сонгуулийг будлиантуулах гэсэн алхмыг хийж байгаа нь тодорхой байна. Бид нар ганцхан л юм шаардаж байна. Энэ нь ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөөч. СЕХ үүнийг хүчингүй болгох эрх мэдэл байна. СЕХ үүнийг ёсчлон гүйцэтгэх ёстой. Өнөөдөр чухамхүү ард түмний өмнө үүрэг хүлээсэн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо.
/Olloo.mn Ж.Алтантуяа/
Одоо Ялалт-н талбайд эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна.