Дарамтан доорхи долигонол

Гурван суудлын эзэн бие даагч Р.Амаржаргал, Ц.Одхүү, Санжмятав нар бэрсийн энтэй буюу ноёнг цодлох хүү боллоо. Гэвч 1996-2000онд Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төрийн өмчийн газрын дарга, Улсын нөөцийн дарга хийж явсан гурван бие даагчийн хувьд үзэл бодол нь төлөвшсөн, улс төрийн эгзэгтэй үед алдаатай шийдэл гаргахааргүй нуруулаг болсон, намынхаа нөхдийн хатуу зэмлэлийг хүлээж авах, ойлгох хэмжээний улстөрчид. Ийм учраас Эх орон-Ардчилал эвслийн удирдлага Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй гэж үзэх нь баттай юм.
Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Эх орон-Ардчилал эвсэл, Ху нам хоёр эн тэнцүү 36 суудал авсан явдал. Ийм учраас Ху намын удирдлага Өвөрхангайн УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргийн зарим хэсэгт ямар ч үнээр хамаагүй санал авахуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд элдэв шахалт үзүүлж шийдвэр гаргуулсан боловч ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн нэр дэвшигч нарын шүүхэд гаргасан өргөдлийн дагуу энэ тойргийн зарим хэсэгт сонгууль явуулахыг түдгэлзүүлсэн.
Ийнхүү сонгуулийн үйл явц үнэн мөнөөрөө дуусаагүй, сонгууль эцэслээгүй байхад Монгол телевиз, радиогийнхан Ху намын бүхий л мэдээллийг олон түмэнд хүргэж, Эх орон-Ардчилал эвслийнхний мэдээллийг явуулахгүй байна. Цаг үеийн нөхцөл байдлын онцлог төрийн бүтэц бүрэлдэхүүн шинэ сонголтоор дахин тодорхойлогдох нөхцөлт үе, УИХ-ын суудлын тооны өчүүхэн зөрүүн дээр ажиллах гэсэн эрх баригчдын башир арга явагдаж буй энэ үед нийт ард түмэнд ганцаараа мэдээлэл хүргэдэг Монгол телевизийнхэн дан нэг талыг баримтлан Ху намыг зөвтгөн олон түмнийг хуурсан мэдээллээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь нэг талаас Ху намын дарамт, нөгөө талаас барууны сэтгүүл зүй, тэнцвэртэй мэдээлэл мэдээлэл гэж арав гаруй жил тоть шиг давтсан боловч амьдрал дээр юу ч сураагүй манай сэтгүүлчдийн туршлага, мэдлэгийн дутуугийнх.
Энэ үед Эх орон-Ардчилал эвслийн зарим гишүүд үнэн дуу хоолойгоо хүргэхээр Монгол телевиз рүү хүчээр орохоос аргагүй болжээ. Өмнө нь удаа дараа хүсэлт, шаардлага твьсан боловч тэднийг үл тоомсорлосон Монголын радио, телевизийн удирдлага энэхүү үйлдэлт буруутай. Тухайн үед Монгол телевиз, Улаанбаатар телевизийнхэн болж буй үйл явдлын зургийг авахаас бус, үнэн мөнийг эрсэн сурвалжлага, ярилцлага ердөө авсангүй. Яагаад ийм явдал болов оо гэж УИХ-ын гишүүдэд ганц асуулт ч тавьсангүй. Тэгээд оройн мэдээний цагаар Эх орон-Ардчилал эвслийнхнийг буруутгасан, бараг гудамжны согтуу залуучууд дайран орж ирсэн мэтээр Монгол даяар цацаж байх юм. Мөн өдрийн орой Ху намын зарим удирдлага эсэргүүцсэн мэдэгдэл хийж, түүнийг нь жигтэйхэн соёлтой, долигоносон байдлаар нэвтрүүлж байгаа нь дөрвөн жилийн туршид ах намын дарамтанд дээд зэрэгтэй орж дасчихсан, нэг талыг байнга нэвтрүүлдгийн илэрхийлэл юм.
Долдугаар сарын 2-ны орой мөн л УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан С.Отгонбаярын сонгуулийн үйл явцыг нэг талыг барин мэдээллээ. Телевизийн дуранд Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн, хүн зодолдсон, хүн алсан ямар ч бодит баримт байхгүй байхад С.Отгонбаяр гишүүний штабынхан буруутай, тэднээс болж хүн амины хэрэг гарах шахсан мэтээр Монгол даяар цацаж байгааг юу гэж ойлгох вэ? Мөн УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт УИХ-ын дэд даргыг ялж ялалт байгуулсан Батбаатарыг Хэн ч танихгүй гудамжны залуу гэж ичих ч үгүй мэдээлж байх юм. Өөрийг нь хүндэлдэггүй юм аа гэхэд сонгогчдыг нь хүндлэх ёстой биш үү. Гэтэл УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж ялагдлаа өөрөө хүлээгээд өргөдлөө буцааж авч байна шүү дээ.
Түүнчлэн Сэлэнгийн 32 дугаар тойрогт Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн С.Баярцогтод Эрүүл мэндийн яамны сайд П.Нямдаваа гуай 2000 гаруй хүний саналаар ялагдчихаад Сонгуулийн хууль зөрчсөн мэтээр Сонгуулийн ерөнхий хороонд хэнэг ч үгүй өргөдөл гаргачихаад сууж байх юм. Сайд өөрөө бол аймгийн эрүүл мэндийн төвийн эмч наргыг өдөр шөнөгүй дайчлан ажиллуулж, төрийн машин тэргийг ашиглаж байсан билээ. Ялагдахаа мэдэхгүй биднийг юунд өдөр шөнөгүй амралтгүй ажиллуулсан юм бол гэж аймгийн эрүүл мэндийн эмч нар өнөөдөр ярьж сууна.
Ойрын өдрүүдэд Монгол телевизээр Ху намынхны унасан бөхөд шалтаг мундахгүйн үлгэр-ийг байнга үзүүлэхээс бус Эх орон-Ардчилал эвслийнхний мэдээллийг тун бага явуулж байна. Монголын радио, телевизэд явуулсан үйл явдал энэхүү байгууллагын үйл ажиллагааг олон нийтийнх болгох, цаашдаа эрх баригчдаас хараат бус байлгах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх үйл явцыг түргэтгэхийг чухалчилсан асуудал боллоо.
/Өдрийн сонин, 2004.7.5, 165, 167/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button