Хайнань мужийнхан аялал жуулчлалын салбарыг сонирхож байна

Хайнань мужийн дарга Вэй Лучин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид бараалхаж, Монгол улстай аялуулчлалын салбарт хамтран ажиллах сонирхол, боломж байгааг илэрхийлэв. Энэ чиглэлд хамтран ажиллах нөхцөл, боломжийг судлуулах зорилгоор мужийн бизнесийн төлөөлөгчдийг Монгол руу илгээхээр боллоо.
Хайнань мужид болдог Боаогийн чуулга уулзалтад Монгол Улс байнга оролцож ирсэнд мужийн дарга талархал илэрхийлж, цаашид ч тогтмол оролцоно хэмээн найдаж байгаагаа хэллээ. Энэхүү чуулга уулзалт нь цаашид оролцогчдын өргөн хүрээг хамарсан, олон талт хамтын ажиллагааны нөлөө бүхий механизм болон хөгжинө гэж найдаж буйгаа мөн илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар Замын-Yүд, Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч хэлээд, чөлөөт бүс хөгжүүлж ирсэн Хайнань мужийн туршлагаас суралцах сонирхолтой байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Хайнань мужийн өмнөд хэсэг дэх аялал жуулчлалын чухал төв Санъяа хотод хүрэлцэн очлоо. Энэ үеэр тус хотын дарга түүнд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг болох аялал, жуулчлалын салбарын талаар санал солилцов. Санъяа хотын дарга ноён Жан Ци ярихдаа, тус хотыг дэлхийн аялал, жуулчлалын гол төвүүдийн нэг болоход дэд бүтцээс гадна зар, сурталчилгааны ажил чухал үүрэгтэй байсан гээд, тухайлбал өнгөрсөн жил Санъяа хотод дэлхийн мисс шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь хэдийгээр их зардал дагуулсан ч тус хотыг дэлхий нийтэд таниулахад маш чухал зүйл болсон гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Бээжингээр дамжин Хайнанд ирэх хүнд биш. Хайнанаас Монгол орох ч хэцүү биш. Монгол хүйтэн бүсийн орон. Гэвч аялал жуулчлалын хугацааг сунган намар, өвлийн жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Иймээс бие биеийнхээ онцлогт түшиглэн харилцан жуулчин солилцох чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлан үзэж хөгжүүлэх нь зүйтэй хэмээгээд айлчлалын бүрэлдэхүүнд яваа бизнес төлөөлөгчдийн хэсэгт аялал жуулчлал эрхлэгчид байгааг хэлж, хамтран ажиллахыг зөвлөв.
Санъяа хотын дарга аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн саналыг ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.
/Өнөөдөр, 2004.7.5, 156/