Мөнхбат аварга Би урвагч биш ээ

Хааяа нэг ирж хотынхоо байшингийн засварыг биечилж шалгаад буцдаг гэнэ. Аваргын галд очихоор Сонгинын амралтыг зорилоо. Бөхчүүд өглөөний дасгалаа дуусаад амарч байв. Аварга 245 дугаарын өрөөнд тухалжээ. Шинэ харцага Ж.Намжилдорж багштайгаа хамт цайлж суусан юм.
-Наадам дөхөөд таныг хотоос олох аргагүй болж?
-Тэгэлгүй дээ. Жил жилийн наадмын бэлтгэлээ манайхан энд, Сонгинын амралтад хийдэг юм. Өчигдөр Ерөнхийлөгч бөхчүүдэд шинэ цол гардуулахад очоод ирсэн.
-Танай галаас шинэ харцага I төрсөн биз дээ?
-Манай энэ Намжилдорж болжмор шүүрдэг харцага боллоо шүү дээ. Төв аймгаас гурван шинэ харцага төрлөө. Ж.Намжилдорж, Л.Бадарч хоёр Баянцагааных, Д.Сэрээтэр Лүн сумын харьяат. Баянцагаан хоёр өсөх идэр начинтай байсан нь ийн хоёул харцага боллоо
-Шинэ цолтныг мялаав уу?
-Баяр хүргэсэн. Наадмын өмнө шинэ цол авсан болохоор энэ жил одтой сайхан барилдах байх аа. Цол дагаж бяр гэдэг дээ.
-Төв аймгаас хэр олон бөх танай галд гарч ирсэн бэ?
-Одоогоор бид 17-уул байна. Зөвхөн Төв аймгийнхан биш, Өмнөговийн Энхтуяа бас байгаа. Маргаашнаас олимпийн бэлтгэлдээ гарах юм. Улсын начин А.Ганбаатар бий.
-Сонгинод хэд дэх жилдээ бэлтгэлд гарч байгаа хэрэг вэ?
-1961 оноос гээд тоол л доо.
-Нэг ч жил алгасаагүй гэж үү?
-Дунд нь ганц нэг жил өнжсөн тохиол байлгүй яахав. Сонгино хайрхан уулаа түшиж л бид одтой, азтай яваа хүмүүс. Улсад түрүүлэхдээ ч, Сүхбаатарын одонтой болохдоо ч, Хөдөлмөрийн баатрын алтан таван хошуу зүүхдээ ч энд байсан.
-Энэ жил танай галаас хэчнээн бөх улсын цолд хүрэх бол?
-Үүнийг одоо яриад таагаад байдагзүйл биш. Бүгдийг нь л харж хүлээж суугаа. Намжилдоржооо гадна улсын начин Б.Бадам-Очирыгоо цолоо ахиулаасай, аймгийн начин Т,Энхтуяа, аймгийн арслан Б.Дамба, Ц.Мөнхзориг гээд хэд хэдэн хүүхдээ улсын цолд хүрчихээсэй гэж залбирч л байна.
-Таны залбирахыг Сонгино хайрхан уул сайн сонсдог уу?
-Уулаа түшсэн байхад алзахгүй. Аварга Өсөхбаяр ч Сонгиноос анх заан болж төрсөн юм шүү. Гэхдээ Өсөхөө ч нэг их залбираагүй байх аа.
-Таныг нутгийн хүү А.Сүхбатыгаа биш Архангайн Г.Өсөхбаярыг гээд байхаар нутгийнхан тань шүүмжилдэггүй юү?
-Зарим нь намайг Сүхбатын төлөө зүтгэх ёстой л гэдэг юм. Гэхдээ өвгөн аварга буур Жамьян Энийг л нэг улсын цолд хүргэчих юмсан гэхэд нь би амлачихсан юм. Түүнээс би урвагч биш ээ.
-Өсөхбаяр аварга энэ жил түрүүлэх болов уу?
-Түрүүлчихээсэй.
-Удахгүй сүмогийн долдугаар сарын барилдаан эхэлнэ. Өнгөрсөн сарын барилдаанд одтой барилдсан хүүгийнхээ дээлийн захыг мушгиж л суугаа байлгүй?
-Төөргөөрөө болог доо. Нялх юм шүү дээ, миний муу хүү хорь ч хүрээгүй.
-Танай бага хүү бил үү?
-Таван хүүхдийн минь отгон.
-Хакухо Даваажаргал багадаа барилддаг байсан уу?
-Энэ Сонгинын энгэрийнхэн мэднэ дээ миний хүүг. Чөрийсөн жаахан юм сагсны талбай дээр л өнждөг байсан. Зүггүй гэж жигтэйхэн. Хөөрхөн эвлэгхэн барилдчихдаг болохоор би ч хүүгээ харж л байлаа.
-Шанхайн тэмцээнд оролцоход нь очсон уу?
-Очиж үзсэн. Хүүгээрээ бахархаж л суулаа.
-Энэ сарын барилдааныг нь Японд очиж үзэх үү?
-Хүү барилдаанаа дуусаад ирнэ.
-Та түүний насан дээр хэр бужигнуулж явсан бол?
-Би төрсөн талдаа айлын 10 дахь хүүхэд. Намайг ижий төрсөн ахдаа өргүүлчихсэн юм. Айлын өргөмөл хүүхэд эрх байлгүй л яахав. Ижийдээ амь. Баян уулын бага сургуүльд байхдаа ижийгээ санаад сургуулиасаа оргосноо мартдаггүй юм. Унь бариад л гэр рүүгээ явган гүйчихсэн.
-Анх наадамд эодоглосноо санадаг уу?
-1958онд 17 настайдаа сумын наадамд зодоглоод дөрөвт үлдсэн. Дараа жил нь үзүүрт үлдээд дашийн шог.
-Сумандаа түрүүлээгүй юм уу?
-1960 онд анх удаа түрүүлсэн. Дараа жилээс нь улсад барилдсан. Тэгэхдээ улсын заан цолтой байв.
-Яагаад тэр билээ?
-1961 онд Бүх ард түмний спартикиадад түрүүлээд заан болсон юм. Наадмын өмнөхөн дууссан спартакиадад үндэсний бөхийн шигшээ тэмцээнд 25 давсан болохоор улсын цол өгсөн хэрэг. Түүнээс улсын наадамд барилдаж үзээгүй явсан үе шүү дээ.
-Тэр үед хүмүүсийн ярьдгаар ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй яваа биз. Айж жийрхдэг бөх байсан уу?
-Иртэй ч, бяртай ч, аатай ч байж. 1963 оны наадмыг нэг их хүлээж билээ. Цагаан сарын барилдаанд түрүүлчихээд барилдахын бөөн хорхой наадмыг хоног тоолоод л. Түрүүлэхсэн л гэж бодож байгаа юм чинь. Гэхдээ энэ бодолтой минь зэрэгцээд Л.Сосорбарам арслан сэтгэлд орж ирнэ.
-Тэгээд таарч барилдсан уу?
-Тэр үед ид байсан Т.Зундуй, Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир нарыг хаяад наймын даваад нөгөө жийрхэж явдаг хүнтэйгээ таарсан даа. Өрөөд зогсоход л өвдөг, гуя чичирч байсан, айна гэдэг хэцүү. Гэхдээ түүнийг давсан л даа.
-Тэгэхэд та Тамир эгчтэй гэрлэчихсэн байв уу?
-Бид хоёр 1968 онд ханилсан. Гуч гаруй жил миний төлөө амьдарч яваа хүн дээ.
-Бөхийн гэргий байх хэцүү гэж Тамир эгч гомдоллодог уу?
-Зураг төөргөөрөө учирсан болохоор гомдоллоод байх ч юу байх вэ. Гэхдээ л бэлтгэл сургууль, тэмцээн уралдаан гээд ар гэрийн ажилд оролцохгүй шахам явдаг бөхчүүдийг ухаантай тэвчээртэй бүсгүй л ойлгож авч явдаг юм.
-Наадам дөхөхөөр л нөхөртэйгөө адилхан догдолчихдог гэж нэг бөхийн гэргий ярьж байсан.
-Хань нь барилдаж байхад сэтгэл нь догдолдоггүй эхнэр байхгүй биз дээ.
-Энэ жил та зодоглох уу?
-Наадам болтол зай ч байна даа.
-Хөгшчүүд наадамд барилдаж, цолны найраа хийгээд байна гэж хардах хүн мэр сэр байдаг даа?
-Хэзээ ч тийм зүйл байдаггуй юм. Сайн барилдах хүүхдийг дэмжихэд буруу байхгүй биз дээ. Зарим нь дэмжсээр, зарим нь шалгасаар бөх торнидог доо.
-Өнгөрсөн жил батласан шинэ хуулиар наадмын барилдааныг арай сонирхолтой болсон гэдэг?
-Үндэсний баяр наадмын хуулиар л сая бөхчүүдэд шинэ цол олголоо. Даваа бүр цолтой болохоор барилдаан бүрийг хариуцлагатай болгож байгаа гээд сайн зүйл их бий.
-Нэгэнт даваа болгон цолтой болчихоор дөрвийн давааг оноолтоор тааруулаад байх шаардлагагүй санагдах юм.
-Үнэн л дээ, хуучнаараа амладаг байсан нь дээр. Гэхдээ үүнийг өөрчлөхийн тулд хуульд гар хүрэх хэрэг болно. Тэгээд ч дээдчүүл нь мэдэж байгаа биз дээ.
-Та АИХ-ын депутат байж, төр түшилцэж байсан хүний хувьд, олон жил наадмын ногоон талбайд хүч үзсэний хувьд энэ нь болохгүй байна гээд хуулийг өөрчлөх талаар саналаа хэлж болдоггүй юм уу?
-Болно л доо. Гэхдээ нэг гаргасан хуулиа жил бүр өөрчлөөд байх хэрэг байна уу. Санал хэлэхийн тухайд би ярьдаг юм аа. Энэ жилийн хувьд ч төр улсгүй бужигнаад түүнийг анхаарах сөхөөтэй хүн алга шиг байна.
-Сонгуульд та жаахан сэтгэл дундуур байгаа юм уу даа?
-Ард түмэн л сонгосон юм чинь эв эеэ олоод ажиллах л хэрэгтэй биз дээ. Төрийн түшээд дэггүйтвэл бусад нь яах болж байна аа. Төр ганхвал, ард түмэн дагаад ганхана шүү дээ. Дэлхийгээр нэг тарсан монгол цустнуудаас буйраа сахиж үлдсэн бид хэд л эвтэй байхгүй бол сүүлдээ Монгол Улс байх байхгүйг ярих болно биз дээ. Тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдардаг хуулиас хэн ч гажих эрхгүй.
-Баянмөнх гуай та хоёр нэгэн үед төрж, нэг дэвжээг хувааж эзэгнэсэн их аваргууд. Гэтэл нэг л эв түнжин муутай байх юм. Боохой Данзангийн 110 жилийн барилдааны үед бас л жаахан муудаад авсан уу?
-Ямарваа нэг зүйл заавал тэмцэлтэй байдаг даа. Тэр барилдааны үеэр бузар эгдүү хүрсэн нэг явдал болсон юм.
-Шагналыг хэн түрүүлж авах вэ гэдэг дээр үү?
-Үгүй яахав дээ, зохион байгуулагчид нь намайг эхэлж зарласан л даа. Харин очиж явахад минь Баянмөнх түрүүлээд авч байна. Тэгэхээр нь л дургуй хүрээд. Авсан ч яалаа, байсан ч яалаа гэж бодсон юм. Бат-Эрдэнэ аварга харин намайг хүлээж байсан шүү. Юманд эрэмбэ гэж байх ёстой л гэж бодсон юм. Бид адилхан аварга ч гэлээ бөхөд нэг лут юм байна аа даа. Түүнийгээ бид л мэднэ. Ухаантай үзэгч ч мэднэ.
-Та сайхан шатартай юм. Хэн урласныг сонирхож болох уу?
-Минийх биш эз. Манай Намжилдоржийнх.
-Таныг шатраар бөхчүүд дотроо л гэж ярьдаг. Том цолтой бөхчүүдээс хэнтэй нь тулж байв?
-Буур аваргатай нэг тоглоод хожчихсон. Жамьян гуай шатарт их дуртай хүн байсан юм.
-Энэ хавийг тарвага элбэггэй гэдэг юм билээ. Ганц нэгийг шоглов уу?
-Уг нь дуртай л даа. Тарвага сайхан таргалсан байна билээ. Гэхдээ одоо агнах хориотой.
-Шинэ шөл уугаагүй юм уу?
-За, ийм аар саар юмаар яах нь вэ лүд.
(өнөөдөр 2004.07.03 155)