Ялалт байгуулсан нэр дэвшигчдийг наадмын өмнө Ерөнхийлөгчид танилцуулна

Харин УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн нэг хэсэг, 59 дүгээр тойргийн хоёр хэсэгт дахин санал хураалт явуулахаар болсныг мэдэгдэж байсан юм. Мөн 66 дугаар тойргийн хоёр хэсгийн хорооноос гомдол ирсэн тул дахин санал хураалт болж магадгүй гэж тэр үед Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн хэлж байв. Гэвч үүнээс цаг гаруйхны дараа нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр 66 дугаар тойргийн хоёр хэсэгт дахин сонгууль явуулахыг хүчингүй болгон харин 24, 59 дүгээр тойргийнхыг түр түдгэлзүүлсэн байна.
Сонгуулийн тойргууд санал хураалт болсноос гурав хоногийн дотор дүнг гарган хурлаараа хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хороонд хоёр хоногийн дотор мэдээлэх хуулийн заалттай. Хуулийн хугацаа өчигдөр дууссан тул ийнхүү хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тойрог тус бүрт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор нийтэд зарлан мэдээлдэг журамтай юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 7, 8, 9-ний аль нэг бололцоотой өдөр ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өргөн барьж нийтэд мэдээлэхээр болжээ. СЕХ-нд гадны шахалт байхгүй ч гудамжны жагсаал цуглааны дарамтан дор уур амьсгал хүндэвтэр нөхцөлд ажиллаж байна гэж ноён Ж.Ядамсүрэн төгсгөлд нь хэлэв.
Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд 15.30 цагийн үед жагсагчид цугларч гурван тойргийн зарим хэсэгт дахин сонгууль явуулахыг эсэргүүцэж байлаа. Цагдаагийнхан дуудагдан ирж Сонгуулийн ерөнхий хорооны байрладаг Төрийн өмчийн нэгдүгээр байрыг хамгаалалтад авав.
/Өдрийн сонин, 2004.7.3, 164/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button