Эсэргүүцлийн жагсаал боллоо

Эх орон-Ардчилал эвсэл олонхийн саналыг хууль бусаар олж авсан хэмээн заргалдаж байгаа эрх баригчдыг дэмжигчид өнөөдөр Ялалтын талбайд цугларлаа. Тэдний үзэж байгаагаар эвслийнхэн сонгогчдын саналыг худалдаж авсан учраас дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж СЕХ-ноос шаардаж байлаа. Тэдний барьж жагссан лоозон дээр Хэрвээ эвслийнхэн гарч ирэх юм бол автобус 500 төгрөг, бензин литр нь 1500 төгрөг, талх ширхэг нь 500 төгрөг болно гэсэн бичиг харагдлаа. Энэ нь одоогийн үнийн хөөрөгдлийг улс төрийн зорилгоор ашиглаж байгааг баталсан хэрэг болж байгаа юм.
-Тийм учраас монголчууд ариун дагшин төрийнхөө төлөө, төрийнхөө хийж бүтээсэн ажлыг дээдлэхийн төлөө, Монгол улсынхаа нийгмийн хөгжил дэвшлийг хөгжүүлэхийн төлөө та бүхэн эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна.
Бензиний үнийг дагаад ч юмны үнэ өсөөд байгаагийн гол буруутан нь сонгогчдын олонхийн саналыг аваад байгаа эвслийнхэн гэсэн ойлголтыг олон нийтэд түгээхийг энэ цуглаан оролдож байлаа. Гэвч харамсалтай нь төрийн бүх эрх мэдэл сонгуулийн бүх үйл ажиллагааг зохион байгуулсан одоогийн эрх баригчдад бензин болон юмны үнийн өсөлт огт хамааралгүй асуудал мэтээр тайлбарлаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Мөн ганцхан эвслээс нэр дэвшигчид ч сонгогчдод бэлэг тараасан гэсэн ухуулгыг хийж байсан. Гэтэл үүнийг нь сонссон зарим сонгогчид Манай тойрогт өрсөлдсөн бүх намын нэр дэвшигчид бүгдээрээ л бэлэг тарааж байсан. Тэглээ гээд миний сонголтод нөлөөлж чадаагүй гэж ярьж байлаа.