Бөхийн тайлбарлагч Ганбаатар Би цаг тараагаагүй

Баяр наадмын уур амьсгал улс төрийн уур амьсгалыг давж ядаж байгаа энэ үед бөхийн тайлбарлагч Ганбаатар бидэнд хандлаа. Тэрээр наадмын бэлтгэлдээ хэдийнэ гарсан ч цаг тараадаг гэсэн нэр зүүгээд байгаа гэнэ. Телевизүүдээр удаа дараалан гаргасан энэ гүтгэлгийг өөрөө няцаалаа.
Тэрээр бусдын л адил өөрийн дэмжиж явдаг хүмүүсээ дэмжиж сонгуульд оролцжээ. Ингэхдээ аль нэгэн намыг дагнаагүй гэж ярилаа. Сонгуулийн өдрүүдэд Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч С.Отгонбаярын сурталчилгаанд идэвхтэй оролцохдоо түүний мөрийн хөтөлбөрийг танилцуулж байснаас бус, эд мөнгө тараасан явдалгүй гэнэ. Сурталчилгааны богинохон хугацаанд гудамжаар архи ууж, бас хэн нэгэнд цаг илүүчлэх зав байгаагүй тухай тэрээр ярилаа. Мөн МАХН-аас нэр дэвшсэн түүнийг цаг тараасан гэж гүтгэсэн Балсандорж болон түүний штабынханд унасан бөхөд шалтаг мундахгүй гэсэн үг таарна гэж тэрээр үзэж байна.
-Хоёр дахь хүнээсээ хол тасархай гарсан учраас энд үнэхээр Налайхчууд нь тэр хүнд итгэл хүлээлгэсэн. Өнөөдөр телевизүүдээр Отгонбаяр согтуу, хажууд нь Ганбаатар начин 05-35 К гэсэн Соната машин уначихсан Налайхын гудмуудаар цаг тараагаад явж байна гэсэн. Хэдийд нь цаг тараасан байна, хэдэн сарын хэдний өдөр хэн гэдэг хүнд ямар цаг өгсөн байгаа юм, тэр хүн нь цагаа Отгонбаярын төлөө санал өгсөн бол гар хөлийн үсгээ зурж авах гээд л юм байдаг байх, гэрээ контракт гэдэг юм байдаг л байх. Yнэхээр Ганбаатар Отгонбаяртай явсан уу гэвэл явсан, сурталчилгааг нь хийхэд. Дахин давтан хэлэхэд би цаг тараагаагүй.
Өрсөлдөгч МАХН-аас нэр дэвшигч Балсандоржийн уулзалтад хүн ирдэггүй байсан. Бас оюутнуудыг авчирч саналыг авах ажлыг зохион байгуулжээ. Тэрчлэн бие даагч Эрдэнэбатын менежерийг мөнгө тарааж хүмүүстэй гэрээ хийж байхад нь газар дээр нь барьсныг нь сайшаах ёстой атал хүн амины хэрэг гарах шахсан гэх мэтээр нэвтрүүлсэнд газар дээр нь асуудлыг нүдээр харж байсныхаа хувьд үгүйсгэж байгаа юм. Аливаа зүйл баримттай байж хэн нэгний итгэл үнэмшил төрүүлдэг бөгөөд согтуу байсан, тэрчлэн 2 залууд цаг өгсөн гэсэн мэдээллийг баримтжуулахыг тэрээр шаардаж байгаа юм байна. Тэгээд ард түмнийг иймхэн зүйлд хууртсан мэтээр ойлгуулахыг хичээж байгаа нь өөрсдөө ард түмнийг дорд үзсэн хэрэг гэж тэрээр тайлбарлалаа.