Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо бүхий л гомдлыг хүлээж авна

1989 оноос хойш тус байгууллага хүний эрхийн төлөө тэмцсээр иржээ. Бүхэл бүтэн 15 жил зүтгэсэн ч одоо л хүмүүс эрхээ хамгаалуулах газартай гэдгээ мэдэрч эхэлж байгаа гэнэ. Өмнө нь иргэд энэ байгууллагад зүгээр нэг наад захын асуудал болох талх боов, хоол ундны асуудлыг шийдвэрлэдэг гэж боддог байжээ. Харин бүхий л салбарын ажилчдыг хянадаг гэдгийг мэдсэнээс хойш эрх нь зөрчигдөж байгаа иргэд ихээр хандах болсон гэнэ. Тус байгууллага доод тал нь 250 гаруй асуудал шийдвэрлэж, 4000 гаруй санал гомдлыг арилгадаг байна. Харин эдгээр асуудлыг ямар эрх дархтайгаар шийдвэрлэдгийг сонирхлоо.
-Хуулиар олгогдсон эрхийн дагуу бид хэрэглэгчийн эрхийг хамгаалах бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Хяналтын чиглэлийн байгууллагууд маш олноор нэмэгдлээ. Yүнийг хяналт шалгалт хийдэг, дарамт шахалт үзүүлдэг байгууллага мэтээр ойлгодог. Цэвэр хэрэглэгчийн нэрийн өмнөөс тэр хүмүүсийн эрхийг хамгаалдаг байгууллага. Өргөдөл гомдол гаргасан хэрэглэгчдийн гомдлыг тухай бүр нь барагдуулах, энэ талаар газар дээр нь арга хэмжээ авч засуулах үүрэгтэй. Нөгөө талдаа бизнесийн нэр хүндийн талд, бүр болохгүй тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хохироосон байгууллагын бизнесийг телевиз, радиогоор олон түмэнд хандах, тухайн байгууллага үүгээрээ болохгүй байна гэдгийг үнэнээр нь хэлж өгдөг.
Өнөөдөр 21 аймагт 300 гаруй суманд өөрийн төлөөлөгчдөө ажиллуулж байна, цаашид ч өргөжүүлэх юм байна. Алхам тутам хүний эрх зөрчигдөх болсон энэ үед ийм байгууллага зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Хүний эрхийн холбооны хийсэн нэгэн судалгаагаар тус байгууллага байгуулагдсанаас хойш хүний эрхийг ямар нэг хэмжээгээр зөрчих байдал буурсан гэсэн дүн гарчээ. Гэсэн ч та бидний эрх зөрчигдсөөр байгаа. Тиймээс та бүгд өөрт тулгарсан асуудлаараа тус холбоонд хандаарай. Олон улсын хүний эрхийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны тусламжтай тэд таны төлөө зүтгэх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button