Ажилчдын үс нь халцарч байна

Нэг хүн өдөртөө 40 тонн цемент буулгадаг. Нэг тонныг буулгаад ердөө л 500-хан төгрөгийн цалин авдаг гэнэ. Хэдийгээр бага цалинтай ч энэ ажил нь тэр бүр олдоод байдаггүй учраас хүссэн хүсээгүй хийх болдог гэж тэд ярилаа. Хамгийн харамсмаар нь өдөр шөнөгүй энд ажиллаж хятадын улаан гэж нэрлэгддэг цементийг буулгадаг хүмүүс эрүүл мэндээрээ хохирч эхэлжээ. Тэдний үс нь унаж шарлаж эхэлсэн байна. Хар үстэй ачигчийг эндээс нэгийг ч олж харсангүй. Ажиллуулж байгаа эзэд үүнийг харсаар байгаа боловч анзаардаггүй гэж ажилчид ярилаа.
Цемент мөрөн дээрээ ачиж буулгадгаас толгойныхоо үснээс эхлэн шарлаж эхэлдэг гэнэ. Цементээсээ хордоод байгаа эсэхийг одоохондоо хоногийн хоолны мөнгөний төлөө ажиллаж байгаа залуучууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэдний үс унаж шарлаж эхлээд байгаа учир зарим нь санаа зовохдоо бүх үсээ шараар будуулсан гэж ярилаа. Биеийн гаднаас мэдрэгдэж байгаа нөлөө л энэ болохоос дотуур ямар нэг нөлөө үзүүлж байгааг жирийн ажилчид мэдэх аргагүй юм.
/МN-25, 2004.7.7/