ТББ-ууд хэвлэлийн бага хурал хийлгэлээ

Гэхдээ тэд ямар ч улс төрийн хүчнийг дэмжихгүй, хараат бус байгууллагынхан гэж өөрсдийгөө танилцуулсан боловч хэлсэн үг бүр нь эвслийнхнийг шүүмжилсэн, эрх баригчдыг магтсан өнгө аястай байсан байна.
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа гурван ч хөдөлгөөнийхөн өнөөдөр хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хамгийн эхлээд Шударга сонгуулийн төлөө төвийн тэргүүн гэх ноён Сэдбазар хэлэхдээ, өчигдөр манай хөдөлгөөнөөс зохион байгуулсан цуглаан Ялалтын талбайд болсон. Маргааш бас болно. Бид дахин сонгууль явуулах асуудлаар Ерөнхийлөгч болон СЕХ-нд шаардлага тавиад байгаа гэсэн хэдхэн өгүүлбэр хэлчихээд сэтгүүлчдийг асуулт асуух боломж олгосонгүй гараад явчихлаа. Yлдсэн хоёр хүний нэг нь Ядуурлын эсрэг хөдөлгөөний тэргүүн, нөгөө дэх нь Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Тэд энэ зохион байгуулж байгаа хэвлэлийн бага хурлаараа чухам ямар агуулгатай мэдэгдэл хийж байгаагаа өөрсдөө ч тодорхой мэдэхгүй байснаас гадна сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулж чадахгүй байсаар хэвлэлийн бага хурлыг дуусгасан юм.
Сонгуулийн санал хураалтыг шударга бус явуулах бүх ажлыг эвслийнхэн зохион байгуулсан. МАХН-ынхан харин жинхэнэ шударгаар өрсөлдсөн гэх ухуулгын маягтай үг хэллэг хэрэглэж байсан нь сэтгүүлчдийг бухимдуулж байсан. Сонгогчид бүх намын нэр дэвшигчдээс бэлэг авсан хэрнээ өөрсдөө сонголтоо хийсэн гэж ярьж байгааг юу гэж үзэх вэ гэсэн асуултанд хариулж чадахгүй байлаа. Ямар нэг намыг бид дэмждэггүй гэсэн тайлбар тэдний хийж байгаа мэдэгдэлдээ тэнгэр газар шиг зөрөөтэй байсан. Мөн өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан МАХН өгсөн амлалтаа бараг бүгдийг нь биелүүлсэн. Гэтэл одоо эвслийн засгийн газар гарч ирвэл монголчууд сүйрнэ гэсэн мэдэгдэл нь үүнийг баталж байгаа юм.
/МN-25, 2004.7.7/