Эмэгтэйчүүдийн шинэ байгууллага нээлтээ хийлээ

Тухайн улсад ардчилал хэр хөгжсөнийг эмэгтэйчүүдийнх нь улс төр, нийгмийн амьдралд оролцох байдлаар нь хэмждэг. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын эмэгтэйчүүд боловсрол мэдлэгээрээ тэргүүлж яваа гэх боловч шийдвэр гаргах төвшинд очих зам нь хаагдмал, ямар нэгэн саад тотгор учирсан хэвээрээ байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн парламентад эмэгтэйчүүд дөнгөж 10.5 хувийг эзэлж байсан бол саяын сонгуулиар энэ хувь буурч багасах төлөвтэй болсон. Энэ бол хүчтэй, чадвартай эмэгтэйчүүдийг өөр хооронд нь өрсөлдүүлэх замаар эмэгтэйчүүдийг аль болох цөөхнөөр гаргах бодлого барьсантай холбоотой гэж Эмэгтэйчүүдэд манлайлал сан-г үүсгэн санаачлагч хатагтай Ичинноров хэллээ.
Эмэгтэйчүүд манлайлал сан-гийн удирдах зөвлөлд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Цэрэндоржоос гадна мөн ажил мэргэжилдээ тэргүүлж яваа эмэгтэйчүүд орсон байна.
-Би АНУ-ын Нью-Йорк хотын нээлттэй нийгэм хүрээлэнгийн эмэгтэйчүүдийн сүлжээний хөтөлбөрийн зохицуулагч. Энэ сангийн нээлтэд оролцохоор ирэхдээ Монголд улс төр, нийгмийн олон өөрчлөлт гарч байгааг харах завшаан надад тохиолоо. Манай сүлжээнд хуучин социалист орнууд болон Монголыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүх арга хэмжээг санхүүжүүлэн дэмжлэг үзүүлдэг юм. Манай эмэгтэйчүүдийн сүлжээний хөтөлбөрийг ноён Сорос ивээн тэтгэдэг. Бид Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнтэй холбох бүхий л ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
С.Оюун -Энэ сангийн удирдах зөвлөлд орооч ээ гэхэд би баяртай байсан. Яагаад гэвэл би маш их зүйлийг хийж чадна гэж бодож байгаа. Их, дээд сургуулийг төгсч байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байна. Маш олон ажлыг, өөрөөр хэлбэл гол гол ажлыг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч чадаж байна. Харамсалтай нь шийдвэр гаргах төвшинд, их хурлын, засгийн газрын төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг.
Монголд эмэгтэйчүүдийн асуудлаар олон төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч өнөөдөр байгуулагдсан Эмэгтэйчүүд манлайлал сан нь тэдгээр байгууллагатай үйл ажиллагаагаа давхардуулан өрсөлдөхгүй, өөрийн гэсэн бодлогоор ажиллана гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн тендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулахад нь төр, засагт нөлөө үзүүлэх, мөн эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн бүхий л асуудалд анхаарлаа чиглүүлэн ажиллах юм байна. Дашрамд дурдахад Соросын сангийн АНУ-ын Нью-Йорк дахь эмэгтэйчүүдийн шинэ сүлжээний зарим хөтөлбөрийг тус сангаас хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна.
/МN-25, 2004.7.7/