Нууц амрагийн тухай асуухад бурхан, чөтгөр хоёр хүртэл зугатаад хариулаагүй гэдэ

Гэвч утсаар ярьсныхаа дараа би бодлоо. Түүнтэй ямар сэдвээр яаж ярилцвал яриа маань илүү амьд, бодитой болох бол. Зүгээр л эмэгтэй хүн, айл гэрийн эзэгтэйнх нь хувьд уу, аль эсвэл Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн өнгө аяс, хувь нэмрээ оруулж буй өргөн цар хүрээ, уншигчтай болсон сэтгүүлчтэй юү, эсвэл бүр өвөрмөцөөр сэтгэж, өвөрмөцөөр шүлэг урладаг яруу найрагчтай ярих уу гээд. Удаан бодсоны эцэст хэдий гаднаас нь харахад энгийн нэг бүсгүй, бие хүн боловч өөрийнхөө хэмжээнд түүнийг дээр дурдсан гурван өнцгөөс нээж, гурван өөр ертөнц рүү өнгийхийг хичээлээ.

Хүүдээ нялхардаг ээж
-Эмүжин аль нутагт, хэн гэдэг айлын гэрт хэд дэх хүүхэд нь болж төрөв өө?
-Говь-Алтай аймгийн Алтай хотын төрөхийн шар байшингийн довжоон дээр эдийн засагч Рэнцэндорж, монгол хэл-утга зохиолын багш Доржханд нарын хоёр дахь охин болж төрсөн. Намайг хугацаанаасаа эрт яарч төрсөн болохоор л тэд тэгж довжооны тухай хошигнон яарьдаг юм.Бид аав ээжээсээ дөрвүүлээ. Тэр хоёр маань одоог хүртэл нутагтаа мэргэжлийнхээ ажлыг хийсээр байгаа. Миний хотод тогтохгүй Говь-Алтай руу шилрээд алга болдгийн гол дуудлага нь тэр хоёр маань байдаг.
-Жаахан байхдаа хэр охин байв? Yсээ хоёр салаа сүлжсэн, ээждээ тусалдаг даруухан охин байв уу? Аль эсвэл хөвгүүдтэй нийлж бөмбөг өшиглөдөг охин байв уу?
-Аль аль нь байлаа. Голдуу хэрэг хийчихээд аав ээжийгээ дуудуулдаг сахилгагүй охин байсан. Yнэний талд зогсдог, үнэнийг өмөөрч заримдаа хөвгүүдтэй ч гар зөрүүлчихдэг, их дураараа, гэхдээ тэр нь зөв дураараа. Найз нар, тойрон хүрээлж буй хүүхдүүд нь ихэвчлэн хөвгүүд. Одоо ч тийм. Ийм сахилгагүй байсан хэрнээ 9 настай байхдаа л гэртээ ганцаараа тогоо дүүрэн боорцог хийгээд тавьчихдаг байж.Манай ээж тэр үед бөөрний хагалгаа хийлгэхээр хотруу явсан байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэхэд нь гэрийнхээ бүхий л ажлыг дааж үлдэж билээ. Ер нь ээжийнхээ ажилд их тусалдаг. Гал тогоо руу нэг орохоороо гарахаа мэддэггүй тийм л охин байлаа.
-Багадаа яамар хочтой байв
-Оройн нүдэн, цунцруу. Яагаад цунцруу гэдэг байсан гэхээр эрүүнээсээ илүү гарч унжсан том хацартай байсан болоод тэр. Дув дугуй нүдтэй байсан гэлцдэг юм. Бас арван жилд үеийнхээ охидоос арай өндөр байсан болохоор анааш гэдэг хочтой байсан.
-Мэдээж хөвгүүдээс хайрын захиа авдаг л байсан биз дээ? Анх хэддүгээр ангид байхдаа захиа авч байв?
-6-р ангид байхдаа 10-р ангийн ахаас захиа аваад тэгээд нөгөө алга дарам захиагаа унших газар олдоггүй, хадгалсаар явж явж гэртээ ирэн цүнхээ чулуудчихаад нойлын өрөөнд орж уншиж билээ. Тэр дотор гуравхан өгүүлбэр байсан. Чи надад таалагддаг, хоёулаа үерхэж болох уу гэсэн утгатай л байсан санагдаж байна. Тэгээд түүнээс хойш олон захиа авч байлаа.
-Тэгээд тэр бандитайгаа үерхсэн үү?
-Yгүй. Угаасаа би үеэрхэл хэн нэг нь гуйж, нөгөөх нь толгой дохисноор эхэлдэг гэдэгтэй санал нийлдэггүй.
-Эмэгтэй хүн бүрд анхны хайр, анхны учрал бүхэн нандин байдаг. Тэгвэл та тэр нандин зүйлээсээ хуваалцаач?
‘Олон жил энгийн сайхан үерхсэн нөгөө ангийн хөвгүүндээ хайртай байж нандин бүхнээ түүнтэйгээ хамт туулсан.
-Мэдээж бас бүтэлгүй хайр байсан л биз дээ?
-Хайр сэтгэлийг бүтэлтэй, бүтэлгүй гэж ангилаад байх утгагүй. Харин тэр бүхнийг одоо эргээд бодоход анхны хайр ч тэр, бүтэлгүй хайр ч тэр аль аль нь сайхан л байдаг. Хайр болгоноос амьдрал хүлээнэ гэдэг утгагүй ш дээ.
-Таны амьдралын хамгийн нандин мөч юү вэ?
-Хүүтэйгээ уулзах. Би дөнгөж хүүгээ төрүүлчихээд тэр үед оюутан байсан болохоор Говь-Алтайд байдаг аав ээж дээрээ 6 сартайд нь үлдээгээд эргэж ирсэн. Тэгээд хэдий сургуулиа төгсөөд очмоор байсан ч надад хийх зүйл маш их байсан болохоор тэр бүхнийгээ амжуулсаар яваад хүүтэйгээ хоёр настайд нь л уулзаж билээ.Хүү бид хоёрын ертөнц бусад ээж хүүхдүүдийнхээс их өөр.эмээ өвөөгөөс нь холдуулахыг хүсдэггүй, бас ээжтэйгээ хамт амьдармаар байдаг.Манай хонгор МИАТ ын орон нутгийн нислэнгийн байнгийн үйлчлүүлэгч.Хүүгээ нутгийн зүг үдэж мордуулаад,угтаж авах тэр мөч бүхэн сайхан.Бид хоёрын дунд асар том санахуй,тэмүүлэл байдаг.Хамтдаа байгаа мөч бүхнээ үнэлж мэддэг.Ийм л гэр бүл дээ.
-Уулзаагүй тэгж их удсан юм хүү чинь таниас бишүүрхэж байв уу?
-Харин ч үгүй шүү. Манай аав ээж хоёр ухаантай хүмүүс болохоор надад тийм бэрхшээл тулгараагүй. Тэд миний зурагнуудыг их томоор угаалгачихаад гэрийнхээ энд тэндгүй байрлуулчихсан. Тэгээд л миний хүүгийн ээж нь энэ, удахгүй ирнэ гэж үргэлж намайг сануулдаг байсан.Би ч бас хүүгээ нялх гэлгүй яг өөрт нь хандсан хөөрхөн захидлууд бичиж,захидалдаа өхөөрдөм элгэмсэг ээжийн сэтгэл санагалзалаа шингээдэг байлаа.
-Таныг ямар нөхцөл байдал уйлахад хүргэдэг вэ?
-Би уужуухан л даа. Тийм болохоор тэр бүр хүнд гомдоод уйлаад байдаггүй. Хүн байнга хэн нэгэнд гомдоод,уйлаад байвал урсаад дуусчихна.Гэхдээ заримдаа би уйлдаг л даа.хааяа ааштай, магадгүй заримдаа хатуу.
-Бурхнаас буг хүртэл бүхий л шинж чанар хүнд байдаг гэдэг. Тэгвэл таны бурханлаг болоод буг мэт чанар юу вэ?
-Бурхан гэснээс би энэ тэндэхийн таньж мэдэхгүй янз бүрийн бурханыг залж авчиран түмэн олноороо мөргөж ойчин шүтээд байдагт үнэхээр дургүй. Тэгж байсанд орвол гэртээ байгаа бурханлаг аав ээждээ мөргөе л дээ. Тэд чинь янз бүрийн бурхнаас хавьгүй илүү. Миний бурханлаг чанар гэвэл их уужуу, гэгээн сэтгэлээрээ л хүн ямарваа нэгэн зүйлд ухаалаг ханддаг. Буг мэт чанар гэвэл доогтой, шооч, бас их мэдрэмтгий. Заримдаа энэ мэдрэмтгий зан минь өвчин мэт санагддаг.
-Эмэгтэй хүний чимэг юү вэ?
-Сэтгэлийн гэрэл гэгээ, халуун дулаан илч.
-Эр хүний чимэг…
-Эр хүн өөрөө байж байгаагаараа л сайхан. Тэр нь өөрийнх нь чимэг юм уу даа.
-Хүүгээ ямар хүн болоосой гэж боддог вэ?
-Өөрийнхөөрөө л яваасай гэж боддог. Тэр хэдий миний хүү боловч би түүнийг өмчлөх эрхгүй.Бие даасан хувь хүн.Өөрийнхөө хувь тавьлан хүсэл зоргоороо л амьдраг.
-Биеийнхээ аль хэсэгт дургүй вэ?
-Сүүлийн үед жаахан махлаад байгаа юм уу даа. Гэхдээ зүгээр ээ. Таргалж турна гэдэг бол зөвхөн санааных. Yсэндээ дургүй юм байна. Буржгар болохоор усанд орсны дараа миний үс саманд ч дийлдэхээргүй ширэлдчихдэг. Тэр үед л хэрвээ шулуун үстэй байсан бол гэж боддог.
-Тэгвэл танд боломж байна, шулуун хими хийлгэчихгүй юү?
-Yгүй.Би өөртөө их хайртай. Миний үсийг муухай өвчлөмтгий болгочихвол яана. Тэгээд ч үс маань хэдий буржгар ч хөгийн шингэн. Тийм болохоор шулуун хими хийлгэчихвэл налчийчихна. Бас надад энэ үс зохидог гэдэг.
-Яг одоо та өөрийнхөө амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Яг одоо бол би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ амьдрал өөрөө хөдөлгөөнт үзэгдэл болохоор магадгүй өнөөдрийн инээд маргаашийн жаргалтай харьцуулагдана. Өнөөдөр надад энэ амьдрал маань болж байгаа ч жилийн дараа эргээд өнгөрснөө дурсахад дутагдалтай зүйл олон л байх болно.
-Өөрийгөө юугаар чимдэг вэ?
-Залуу нас, бас өөрөөрөө чимдэг.
-Яг одоо би шидтэн байгаад таны гурван хүслийг биелүүлье гэвэл та юу хүсэх вэ?
-Би урьд нь ханиад ч хүрдэггүй, их бие сайтай байсан. Харин одоо мэргэжлээсээ болоод ч тэр үү, зүрх өвдөөд байдаг болсон. Тийм болохоор урьдынх шигээ ханиад ч хүрдэггүй болмоор байна. Хоёр дахь нь хүүтэйгээ хамт хэсэгхэн хугацаанд ч гэсэн гадаадад гарч сурмаар байна. Гурав дахь хүсэл маань монголийн ирээдүй сайхан байгаасай.Тэр бол хүүгийн минь ирээдүй шүү дээ.
-Найз залуутай болсон уу?
-Ямар ч байсан би одоо бүсгүй хүнийхээ хувьд хачин жаргалтай байна./инээв/
Сэтгүүлч бүсгүй
-Яагаад заавал энэ мэргэжлийг сонгох болов? Хэн нэгний нөлөө байв уу?
-Би 10 жилийн дөрөвдүгээр ангийн жаахан охин байхдаа л аймгийн номын сангийн бүхий л номыг уншчихсан байсан. Ги Де Мопассаны Хонгор найз гэдэг том хүний номыг хүртэл уншчихсан байлаа. Энэ идэвхитэй уншлага маань намайг боловсруулсан байх. 8-р ангид байхдаа би аавдаа Монголын хамгийн том сэтгүүлч болно гэж хэлээд зэмлүүлж билээ. Ер нь би арван жилд байхдаа тоо, физик, химийн хичээлдээ их сайн хүүхэд байсан. Аав маань эдийн засагч байсан болоод ч тэр үү, намайг ч мэргэжилийг нь өвлөнө гэж боддог байсан байх. Харин би өөрийнхөө хүсэл мөрөөдөл гэхээс илүү зөн совин, хувь тавьландаа хөтлөгдөн энэ мэргэжлийг сонгосон.
-Та аавдаа хэлж байсан үгэндээ одоо хүрсэн гэж боддог уу?
-Тийм.
-Та хэн нэгэн багшийн гарын шавь уу? Өдий зэрэгт хүрэхэд чинь нөлөөлсөн хүн байдаг уу?
-Аймгийн болон сургуулийн номын сангийн шинэ хуучин номнуудыг ар өврийн хаалгаар уйгагүй зөөдөг байсан ээжийгээ энд хэлмээр байна.Бас надад /Өөрийнхөөрөө л бай,энэ бол чиний баялаг/ гэж итгүүлж,хөтөлж чадсан хамгийн эрхэм хүн Дашбалбар багшийгаа хэзээ ямагт хүндэтгэж явах болно.
-Таны ярилцлагыг уншиж байхад цаад ярилцагчаасаа санааныхаа зоргоор асуулт асуудаг юм шиг… Та надтай санал нийлэх үү?
-Тухайн цаг мөчөөс шүүрч авсан амьд агшинг мэдэрч ярилцлагаа эхлүүлдэг. Би хэзээ ч ярилцагчтайгаа асуулт бэлдэн уулзаж байгаагүй. Гэхдээ мэдээж цаад хүнээ судална л даа.
-Тэгвэл ярилцаж байсан ярилцагчдаас чинь хамгийн сэтгэлд тод үлдсэн хүн бий юү?
л. Сэтгүүлч,ярилцагч хоёрын дунд асар том итгэлийн гүүр байдаг.Энэ гүүрээр гүйх сэтгэлийг ярилцаж байгаа хүндээ төрүүлж,өөрөө ч бас тэр гүүрэн дээр зөрөөд өнгөрөх төдий нэгэн биш хамтдаа нэгэн зүгт аялахыг зорилго болгож чадвал сайхан ярилцлага төрдөг гэж боддог.
-Танд хөндөхийг хүсдэг ч арай боломж тохироо нь бүрдээгүй тийм сэдэв байдаг уу?
-Байнга байдаг. Өдөр тутмын сонин намайг хурд, ажлын зохион байгуулалтанд сургасан. Өнөөдөр миний толгойд хэд хэдэн нийтлэл ярилцлага зэрэг зэрэг боловсрогдоод л явж байгаа. Цаг нь болохоор гүйцэд баяжигдан боловсрогдсон үед л би цаасан дээр 20-30 минутанд буулгачихдаг.
-Тэгвэл яг одоо таны толгойд ямар сэдэв байна?
-Уншигчид л уншиг. би ажилаа ярих дургүй. Уулзсан учирсан бүхэнтэйгээ орсон ч гарсан ч сонин, яруу найраг яриад байх юм бол хэдий заванд нь би бүсгүй хүний амьдралаар амьдрах юм бэ?
-Хэдий сэтгүүлчид нам бус байх ёстой гэдэг ч энэ зарчим дооогийн нийгэмд үйлчлэхгүй байгаа юм шиг. Таны бодлоор?
-Би бол хувь хүн талаасаа аль ч намд харьяалагддаггүй. Гэхдээ тэр намд харьяалагдаж буй сэтгүүлчийг буруутгаж муулахгүй. Бид шилжилтийн үеийг туулж, өөрсдийнхөөрөө төлөвшиж байна.Намын харьяалал, нэр төр, ур чадвар, шар хар сонин ялгаагүй сэтгүүлч бүхэн өөрийнхөөрөө хүн гэдгээ хэзээ ямагт мэдэрч, хүнлэг чанар, сэтгэлээсээ нийгмийн амьдралд оролцдог байгаасай.
-Тэгвэл та хувь хүн талаасаа энэ сонгуулиар аль намыг гараад ирээсэй гэж бодож байна?
-Ард түмний сонголт мэдэг. Хувь хүн талаасаа гэдэг чинь ямар айхтар үг вэ? Сэтгүүлчийн хувьд би сонголтоо нийтэд дэлгэхгүй.
-Миний хувьд таны Сонгуулийн инээмсэглэл нийтлэл болон ярилцлагуудыг чинь уншиж байхад Ардчилсан намыг дэмждэг юм шиг санагдаж байсан…
-Yгүй. Би аль ч намыг дэмждэггүй, бас сонгууль ч өгдөггүй. 1996 онд Ардчилсан нам Засгийн эрхэнд гарахад би ардчиллынхныг шүүмжилж хувьсгалт намыг дэмждэг байлаа. 2000 онд хувьсгалт нам Засгийн эрхэнд гарахад МАХН-ыг шүүмжилж сөрөг хүчнийг дэмжиж байсан. Энэ бол намайг аль нэг намд харьяалагдаж байна гэсэн үг биш. Зүгээр л миний ажил ийм юм. Сэтгүүлч хүн ард түмний үгийг төр засагт хүргэх үүрэгтэй.энэ нийгмийн олон түмний дууч юм.
-Сэтгүүл зүйг дайны талбар гэж үзвэл таны дайсан хэн бэ? Та ер нь хэр их дайсантай вэ?
-Байдаг. Надад дайсан ч тэр, нөхөр ч тэр бий болов уу. Гэхдээ аль алинд нь хүлээн зөвшөөрөгдсөнөө би мэдэрдэг. Тэртэй тэргүй Эмүжин ингээд байж байгаагаараа л атаархал авчирч байна ш дээ.Намайг алдахийг минь хүлээж, алдахад минь алга таших хүн бишгүй л олон байгаа.
-Таны Алдуурсан эрчүүд номны эхний нүүрэнд Yнэнээ хэлье би эрчүүдэд хайртай гэсэн байдаг. Яагаад та тэдний сэтгэлийн болоод биеийн бүхий л гэм нүглийг уучилж ингэж бичиж тунхаглаж байгаа юм бэ?
-Эрчүүдийг яаж үзэх нь хүний хувийн үзэл. Чиний ч, миний ч амьдралд муу эр хүн дайралдсан л байгаа. Тэгвэл тэднийг зөвхөн хувь хүн талаас нь биш, нийгэм талаас нь харъя л даа. Ингэж бодож бичсэн л нийтлэл. Түүнээс биш өнөөдөр хүү бид хоёрт хань болоогүй архи уудаг аавыг би үзэн ядаж муулж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний сэтгэлийн тэр жижигхэн харанхуй буланг нийгмийн орон зайгаар солиод харъя л даа. Тэгвэл бид бүгдээрээ эргээд эрчүүдээ өмгөөлөх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Хувь хүний алдааг нийгэмд нялзааж, тэгээд түүнийхээ хөлд эрчүүдийг чирэгдүүлэхээ болимоор юм. О.Дашбалбар хэлсэн байдаг. Улс төрд урт үстнүүд олширох нь уруудахын тэмдэг гэж. Бид ямагт эр хүнээс нэг хуруу дутуу гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Шүлэг урлагч
-Шүлэг бичих өчүүхэн авьяасгүй хүн ч хэн нэгэнд дурлахаараа мөр холбодог юм шиг. Тэгвэл таны анхны шүлгийн түүх…
-/Ганц үг/- гэдэг 7-8 найман мөртэй шүлэг байдаг юм. 9-р ангид байхдаа анх тэр шүлгийг бичиж байлаа.Их сонин өдөр байсан. Хоёр өөр хүнээс хоёр тэс өөр агуулгатай үг сонссон. Сайхан, муухай. Сайхан нь юу байсан гэхээр нэг хүнээс Би чамд хайртай гэдэг үгийг сонсон. Харин муухайг нь сайн санахгүй байна. Тэгээд л тэр өдөр ганц үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэдэг санааг тэр шүлгэндээ шингээсэн.
-Ингэхэд таны хувьд яруу найраг мэргэжил үү, мэргэшил үү?
-Аль аль ч биш. Зүгээр л надад бурхнаас хуваарилж өгсөн ажил.
-Улаан өнгө таны шүлгийн утга агуулга, нууцтай холбоотой юу? Ер нь улаан өнгөний түүхээс яриач. Би яагаад ингэж асууж байна гэхээр дээхнэ үед би таны нэг шүлгийг уншиж байсан, сайн санахгүй байна л даа
Чамайг улаан өнгөнд дургүй болохоор
Час улаан даашинзаа өмсөөд би ирлээ… гэдэг бил үү дээ.
-Би ч бас тэр хоёр мөрийг л санаж байна.
-Улаан өнгө их цоглог, харц татмаар өнгө. Гэхдээ надад өнгө бүхэн таалагддаг. Зөвхөн цаад өнгөө мэдэрч олж харах л хэрэгтэй. Чи ажигласан бол миний шүлгүүдэд цэнхэр, саарал шар, улбар, ягаан гээд бүх өнгө орсон байдаг ш дээ.
-Яруу найрагч бүхэн өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй байдаг. Тэгвэл таны ертөнц…
-Yнэнийг хэлэхэд би энэ яруу найрагч гэдэг үгнээс жаахан бишүүрхээд байдаг юм. Надаас энэ үг их хол.Хүн хүндэлдэг зүйлээ нэг их яриад байдаггүйтэй л адил юм уу даа.
-Тэгвэл та нууц амрагийг амьдралд байх ёстой гэж үздэг үү?
-Нууц амрагийн талаар асуусан чинь бурхан, чөтгөр хоёр хүртэл зугатаад хариулаагүй юм гэнэ лээ.
-Онгод гэж таныхаар юу вэ?
-Дахин хэлэхэд би онгод гэдэг үгийг хэрэглэх дургүй. Аливаа уран бүтээл сэтгэлээс төрдөг. Сэтгэлээс төрж байж хүний сэтгэлд хүрнэ.Нэг их гэрэл гэгээ гарч,ямарч юм далдын хүч надаар шүлэг бичүүлдэг гэж уран панаалдаад ч яахав.Ингэхэд шүлэг бичдэг хүнийг яагаад яруу найрагч гэх ёстойг яагаад мөр холбодгоо мэддэггүй шигээ би ойлгодоггүй юм.
-Яагаад Энхтуяа нэрээ Эмүжин нэрээр сольж сэтгүүл зүй, яруу найрагтай холбох болов оо?
-Энэ асуултыг олон асуух юм. Дээхнэ үед надад нэг залуу их захиа бичдэг байлаа. Тэр захиандаа Чамд Эмүжин гэдэг нэр яг тохирно гээд л дотоод сэтгэлээ илэрхийлнэ. Тэгээд л яахав надад бас таалагдсан учираас зохиогчийн нэр болгон сонгож авсан.
-Б.Лхагвасүрэн гуайн нэрэмжит Антимир яруу найргийн наадмаас та хамгийн анхны Бөртэ чоныг авсан. Сүүлийн шатанд таны ямар шүлгүүд тэгж толгой цохин гарч ирэв ээ? Боломжтой бол тэр шүлгээсээ уншиж өгөөч.
-Тэр гэж, тийм гэж хэлж боломгүй, ямар нэг цаг хугацаа, орон зайгаар үл хэмжигдэх, хүний сэтгэлийн хязгааргүй уудам ертөнцөөс хамгийн бүдэгхэн одыг шүүрч олж ирсэн юм шиг тийм мэдрэмжийн шүлгүүд байсан.

Оlloo.mn Б.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button