Л.Санжаасүрэнд улсын нууц задруулсан хэргээр эрүү үүсгэжээ

Тэрбээр Ардчилсан холбооны байранд 16.00 цагаас мэдэгдлээ хийв. Хурандаа Л.Санжаасүрэн Өчигдөр намайг Тагнуулын ерөнхий газраас өглөө 10 цагт ир гэж дуудсан. Тухайн өдөр би Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл өгөх ажилтай байсан тул очиж чадаагүй юм. Харин өнөөдөр 12.00 цагт Тагнуулын ерөнхий газарт очиход Монгол улсын Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар яллагдагчаар татсан тогтоолыг гардууллаа. Улсын нууц задруулсан гэсэн зүйл анги. Тагнуулын ерөнхий газарт Золоо гэгч нууц нэрээр мэдээлэгч болсон Д.Энхбатын бичлэгийг цацсантай холбоотой хэрэг юм. Тэд намайг мэдүүлэг өг гэсэн. Харин би Д.Энхбаятыг Францаас хулгайлан авчирсан ТЕГ-ын дарга Батсайхан, түүнийг зодож тамласан мөрдөн байцаагч нарыг ажлаас нь түдгэлзүүлсэн тохиолдолд мэдүүлэг өгнө гэдгээ мэдэгдсэн. ТЕГ надад хатуу арга хэмжээ авна гэсэн. Би энэ бүх байдал болон өөрийн эрх зөрчигдсөн талаар Ройтерс агентлагт ярилцлага өгсөн. Европын холбоо болон Англи, Франц улсаас манай улсад суух ЭСЯ-нд хандаад байна гэж мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь Д.Энхбатыг Францаас хулгайлан авчирахад манай улсаас Франц, Бельги, Герман улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцсон. Yүний улмаас нэг ЭСЯ-ын ажилтан Францаас хөөгдсөн байгаа. Тухайн үед энэ асуудлыг олон нийтэд мэдэгдэхгүй байхыг хүсч, хоёр улсын тохиролцоо бий гэсэн. Д.Энхбатыг хулгайлж авчраад зодож тамласан тул тэрээр үхэхийнхээ өмнө ТЕГ-ын нууц ажилтнаар элсэх бичигт гарын үсэг зурсан гэж байгаа. Тэрээр амиа аврахын тулд хүүгийнхээ нэрээр нууц ажилтан болсон гэсэн. Түүний дарааг ТЕГ-ынханд түүнд Зоригийг алснаа хүлээж 500 сая төгрөгтэй бол, эсвэл Ч.Энхтайван алсан гэж мэдүүл. Түүний цаана нь М.Энхсайхан байгаа, захиалга өгсөн гэдгийг тагна хэмээн явуулсан байдаг. Түүнийг хүн гүтгүүлэхээр элсүүлсэн.
Би Д.Энхбатын ярилцлага өгсөн бичлэгийг Улсын дээд шүүхийн таван шүүгч, Ерөнхий прокурор бүр Ерөнхийлөгчид ч өгч явуулсан. Бүр болохгүй болохоор нь MN-25 телевизээр төлбөртэйгөөр цацуулсан. ТЕГ-аас Д.Энхбатын ард хэн байгаа гэж асуудаг, би тэр хүний ард хэн байгааг мэдэхгүй юм. Мөн чиний ард ямар нам, эвсэл, холбоо байгаа вэ гэдэг. Хэн ч байхгүй. Өмгөөлөгч хүн өмгөөлж байгаа хүнийхээ эсрэг хэзээ ч мэдүүлэг өгөх ёсгүй байдаг гэж би хэлдэг хэмээн ярьж байлаа.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/