Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа

Энэхүү хэлэлцээр нь Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдэж буй улсын тоо, нислэгийн чиглэл нэмэгдэхийн хэрээр агаарын шинэ шинэ шугамыг олж авах эрх зүйн үндсийг тогтоох, цаашилбал агаарын тээврийн компаниудын хооронд өргөн хэрэглэж буй үйлчилгээ, санхүүгийн олон төрлийн хамтын ажиллагаанд үндэсний тээвэрлэгчийг оролцуулах, үүгээрээ үйл ажиллагааг нь олон улсын жишигт хүргэх, бизнесийн нэр төрийг нь дэлхийн тавцанд гаргах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээг нь өргөтгөх зэрэг практик зорилтыг шийдэх нэг зам болж байгаа юм.
Хэлэлцээрээр агаарын тээврийн томилогдсон компани хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт харилцан адил байх зарчмаар гаалийн хураамж, бусад татвараас чөлөөлөгдөх, төлөөлөгчийн газраа байгуулах, орлого хөрвүүлэх, гуйвуулах, дамжин нисч өнгөрөх эрх эдлэх, хоёр орны хооронд солилцох нислэгүүдийн тарифыг харилцан зохицуулах, аливаа татвар хураамж, эдлэх эрхийн хувьд тухайн орны дотоодын болон тэдгээр улс руу олон улсын нислэг үйлддэг бусад орны компаниудтай ялгаваргүй харилцан ижил эрхтэй байх зэрэг давуу талыг эдлэх боломжтой болж буй юм.
Дашрамд тэмдэглэхэд манай улс Арабын орнуудаас анх удаа Египет улстай энэ төрлийн хэлэлцээр байгуулж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button