Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барилаа

Нотлох баримтуудыг бүгдийг Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлсэн. Сонгуулийн дүнд ямар нэг засвар ороогүй. СЕХ-нд гудамжнаас дарамт их ирж байгаа зэргийг Ж.Ядамсүрэн дарга Ерөнхийлөгчид мэдээллээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди сонгуулийн дүнг айлтгаж байгаад талархал илэрхийлээд өмнө нь СЕХ-ны гишүүдтэй уулзахдаа сонгуулийг шударгаар явуулахыг даалгасан. Энэ дагуу СЕХ, тойрог, хэсгийн хороод сэтгэл гарган хуулийн дагуу шударгаар ажлаа явуулсан байх хэмээн найдаж байгаагаа хэлэв. Ж.Ядамсүрэн дарга сонгуулийн дүн, сүүлийн үед болж буй үйл явдлаас харахад УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсныг дурдаж байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди хууль хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа зүйлсийг нэг бүрчлэн гаргаж нэгтгээд тал талаасаа ярьж байж өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа нь өнгөрсөн сонгуулийн үеэр ч ажиглагдаж байсныг тэмдэглэснээр уулзалт өндөрлөлөө. Ерөнхийлөгчид өгсөн тайланд дурдсанаар МАХН 36, Эх орон-Ардчилал эвсэл 34, бие даагч гурав, БНН нэг суудал авсан байна.
Yүний дараа СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн дотоод, гадаадын сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэж УИХ-ын сонгуулийн дүн, УИХ-д сонгогдсон 74 хүний нэрсийг уншиж сонсголоо. Маргаантай хоёр тойргоос бусад тойрог дээр үүнээс хойш гомдол санал гарвал хүлээж авах уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр СЕХ сонгуулийн дүнг гаргах үүргээ гүйцэтгэлээ. Гомдол, саналыг хууль хяналтын байгууллага шийдвэрлэнэ гэсэн юм.
/Өдрийн сонин, 2004.07.08.170/