Шинэ парламентын анхны чуулган өнөөдөр эхэлнэ

Тэрбээр Yндсэн хуулийн 27 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлийг баримтлан УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 2004 оны долдугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагт хуралдуулж эхлэхээр товлон зарласнаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зарлиг гэнэтийн үйл явдал болж сонгуулийн сурталчилгааны хоёр сард эл хуль шахам болсон Төрийн ордныг хөл хөдөлгөөнд оруулав.
Ерөнхийлөгч Н.Багабанди 14.00 цагт парламентад суудалтай намуудын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн сонгуулиар Эх орон-Ардчилал эвсэлд багтсан Ардчилсан нам, Эх орон-МАШСН, ИЗ-БНН, бие дааж өрсөлдсөн Ардчилсан намын гурван гишүүн, МАХН, БНН гээд таван нам парламентад суудалтай болсон билээ. Тэдгээрийн дарга М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун, Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нар Төрийн ордны Соёмбо танхимд Ерөнхийлөгчид бараалхсан юм.
УИХ-ын 2004 оны дүнгийн талаархи СЕХ-ны айлтгалыг хүлээн авч танилцаад хуульд заасан эрх үүргийнхээ дагуу УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулж эхлэхээр товлон зарлаж зарлиг гаргаснаа Ерөнхийлөгч эхлээд тэдэнд танилцуулав.
Одоогоор УИХ-ын сонгуулийн хоёр ойргийн зарим хэсэг дээр сонгуулийн дүн маргаантай байгаа ч шинээр байгуулагдах УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хангалттай бүрэлдэхүүн сонгогдсон хэмээн Ерөнхийлөгч үзэж буйгаа намуудын дарга нарт хэллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дараагаар нийгэмд бий болсон нөхцөл байдал, иргэдийн зүгээс гаргаж байгаа санал, гомдол, жагсаал цуглаан зэрэг нь УИХ-ын анхдугаар чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулж аливаа маргаантай асуудлыг сэтгэлийн хөөрлөөр бус, хууль зүйн дагуу УИХ-ын гишүүд парламентын танхимдаа, Төрийн ордондоо нухацтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатайг анхааруулж буйг төрийн тэргүүн тэмдэглэсэн юм.
Дүн нь эцэслэн гараагүй байгаа тойргийн зарим хэсэг дэх сонгуулийн дүн яаж ч шийдэгдлээ гэсэн энэ удаагийн сонгуулиар байгуулагдах УИХ-д олонхи болсон нам, эвсэл гэж байхгүй нь тодорхой боллоо. Энэ нь УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн байж төрийн эрх барих дээд байгууллага хийгээд Засгийн газраа байгуулах нөхцөл байдлыг бий болгож байна. УИХ-д суудал авсан нам, эвслийн сонирхол хичнээн өөр өөр байлаа ч энэхүү нөхцөл байдалд зохицон нийцэж, үндэсний эв нэгдэл, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн эвлэрч зохицох, зөвшилцөх замаар үр бүтээлтэй хамтарч ажиллах шаардлагатай боллоо. Yүнийг ойлгон ухаарч төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д суудал авсан намуудын удирдлага яриа хэлэлцээ зөвшилцлөө цаг хожин хийцгээхийн чухлыг анхааруулж байна гэж Ерөнхийлөгч Н.Багабанди төгсгөлд нь хэлээд амжилт хүсээд гарлаа. Намуудын дарга нар баярлалаа гэцгээхэдэ Н.Энхбаяр дарга чимээгүй үлдэх шиг болсон.
Шинэ парламентын 74 гишүүн тангараг өргөнө
УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргийн зарим хэсэг дээр гарсан маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул өнөөдөр 76 биш 74 гишүүн тангараг өргөнө. Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа хоёр гишүүн дутуу УИХ нээлтээ хийх гэж байна. УИХ-ын даргыг томилтол хамгийн ахмад гишүүн хуралдааныг даргалдаг журамтай. Энэ дагуу эрхэм гишүүн Д.Дэмбэрэл хурал даргалах нь. Тэрбээр одоо 63 настай.
Харин хаалтын хуралдаанаа хийж амжилгүй бүрэн эрх нь дуусгавар болж буйд одоогийн УИХ-ын гишүүд урам муутай байна лээ. Өмнөх УИХ-ууд наадмын дараа хаалтын ёслолоо хүндэтгэлтэйгээр хийж төрийн дууллаа эгшиглүүлэн дурсгалын зураг татуулаад тардаг байсан. Төрт ёсны энэ уламжлал алдагдсанд хуучин гишүүд дурамжхан байв. Энэ удаагийн улсын их баяр наадамд төрийн түшээ, УИХ-ын гишүүн, их аварга Б.Бат-Эрдэнэ зодоглохоор зэхэж байгаа нь спрприз боллоо. Лав л цол гуншин нь УИХ-ын эрхэм гишүүн, харьшгүй хүчит… гэж эхлэх нь.
МАХН-ын гишүүд парламентын хуралдааныг бойкотлох уу
Орой 16.00 цагийн үед бүрэн эрх нь дуусгавар болж байгаа УИХ-ын гишүүд Төрийн ордонд цугларав. Гишүүн Р.Амарсайхан, Г.Төртогтох, Л.Цэрэнжав, А.Базархүү нар цувран ирж харагдсан. Тэд цугларч зөвлөлдөн өнөөдөр болох шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг бойкотлох төлөвлөгөө ярьсан байна. Гишүүн Ж.Бямбадорж, Ц.Өөлд нараас ийм санал гарсан тухай эх сурвалж мэдээлэв.
МАХН-аас энэ удаагийн УИХ-д сонгогдсон 36 гишүүнээр хурал хаяулан анхдугаар чуулганыг гацаах нь зүйтэй гэж хуучин гишүүд ярилцжээ. Эвслийн 34, БНН-ын нэг, бие даагч гурав, нийт 38 гишүүн хуралдах гэхэд ирц гүйцэхэд нэг гишүүн дутна. Ингэж хуралдааныг гацаая гэцгээсэн аж. 1996-2000 онд хэрэглэж байсан төрийн машиныг гацаах аргадаа МАХН ийнхүү дахин шилжиж буй бололтой.
/Өдрийн сонин, 2004.07.09, 171, 172/