Хархорум, Эрдэнэ зуу, Төвхөн хийд дэлхийн өвд багтлаа

Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумын нутагт 121967 га газрын эзлэн оршдог аж. Эртний нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу, Төвхөн хийд энд багтдаг. Орхоны хөндийгөө дэлхийн өвд багтааснаар бид юу хожиж бас ямар үүрэг хүлээх бол? Энэ тухай тодруулахаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн өвийн үндэсний хороон дарга Н.Уртнасантай уулзсан юм.
-Орхоны хөндийг дэлхийн соёлын өвд багтаахад их хугацаа зарцуулсан уу? Хэцүүхэн шалгуур давдаг уу?
-Найман жил зарцуулсан. Орхоны хөндийд таван удаа судалгааны экспедиц ажиллаж, 11 газрын зураг хийсэн юм шүү дээ. Орхоны хөндийн бүх дурсгалыг тодорхойлж бичиж, дэлхийн өвд бүртгүүлэхүндэслэлээ гаргана. Орхоны хөндийг яаж хадгалж хамгаалах тухай менежментийн төлөвлөгөө ч хийдэг. Энд зөвхөн Монгол төдийгүй олон улсын судалгаа шинжилгээний баг, түүх соёл хамгаалах байгууллагууд, эрдэмтэд, экспертүүдийн нөр их хөдөлмөр шингэсэн билээ. Соёлын өвд бүртгэх зургаан шалгуур бий. Дэлхийн хөшөө дурсгал ба соёлын дурсгалт газрын судалгааны төвийн экспертүүд хоёр жилийн өмнө ирж үздэг.
-Бид энэ бүхний дараа ямар үүрэг хүлээх вэ?п
-Орхоны хөндийн соёлын дурсгалыг хадгалж хамгаалах менежемнтийн төслийг Засгийн газар батлах учиртай. Дэлхийн өвийг хамгаалах нутгийн ард иргэдийн ойлголтыг дээшлүүлэх, Орхоны хөндийн сав газрыг дэлхийд сурталчлах үүрэгтэй бид.
-Мэдээж дэлхийн өвд тооцогддог газар нутагтай байх нь ашигтай байх?
-Орхоны хөндий зөвхөн монголчуудын төдийгүй дэлхий нийтийн өв учраас түүнийг судалж сурталчлах, хамгаалахад Дэлхийн өвийн төвөөс тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж, зохион байгуулалт, менежментийн туслалцаа үзүүлэх учиртай. Дэлхийн энэ чиглэлийн байгууллагуудаас ч санхүүгийн туслалцаа авч болж байна. Дэлхийн өвд бүртгүүлснээр Монгол улс дэлхийдахины ач холбогдол бүхий соёлын дурсгалтай гэдгийг дэлхийд зарлаж, баталгаажуулж буй хэрэг. Ингэснээр Монголын ард түмний түүхийг дэлхийд сурталчилж өглөө. Дэлхийн дурсгалт газруудыг үзэх сонирхолтой жуулчдын тоо ч сүүлийн үед эрс ихэссэн. Монголчууд бахархах юмтай болж урам зориг нь нэмэгдэж байгаа гэдгээрээ бас их ач холбогдолтой.
-Дэлхийн өвд бүртгүүлсэн өөр газар манайд байдаг уу?
-Дэлхийн байгалийн өвд Увс нуурыг ноднин бүртгэсэн. Хил дамнасан газар учраас Оростой хамтарч бүртгүүлсэн л дээ. Биет бус өв гэдэгт дуу хуур, ардын урлагийг бүртгэдэг. Биет бус өвийн гайхамшигт дээжсээр морин хуурыг дэлхий дахинд зарласан.
-Цаашдаа дэлхийн өвд бүртгүүлэх боломжтой зүйл хэр их байгаа вэ?
-Ийм боломж бүхий зүйлсийн урьдчилсан жагсаалт гардаг л даа. Yүнд Хөвсгөл нуур, Ховдын Хойд цэнхэрийн агуйн хадны зураг, Баян-Өлгийн Цагаан салааны хадны зураг, динозаврын орд газар, говийн цөл нутгийг бүртгүүлэхээр төлөвлөж байгаа.
Байгаль болон хүний бүтээсэн гайхамшигт өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор ЮНЕСКО-гийн санаачилгаар 1972 онд байгуулсан Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн хамгаалалтад 129 улсын 754 өв бүртгэгджээ.
/Өнөөдөр, 2004.07.09.160, 161/