Анхдугаар чуулганыг монгол улсын ерөнхийлөгч удирдан явууллаа

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж Монгол УИХ-ын гишүүнээр сонгогдсон бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэж нийт иргэн улсын ашиг сонирхлын төлөөх ариун үйлсэд тань амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Одоогоор УИХ-ын сонгуулийн тойргийн зарим хэсгийн сонгуулийн үр дүнгийн талаархи маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэхгүй байгаа хэдий ч СЕХ-ноос өргөн мэдүүлсэн айлтгалаас үзэхэд шинээр байгуулагдах УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоо бүхий бүрэлдэхүүнтэй байна. УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дараагаар нийгэмд үүссэн нөхцөл байдал, аливаа маргаантай асуудлыг сэтгэлийн хөөрлөөр бус, хууль зүйн дагуу УИХ-ын танхимдаа тал бүрээс нь шүүн хэлэлцэж ухаан бодлоо уралдуулах шаардлага нэгэнт үүссэнийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарласан юм. УИХ-ын анхдугаар чуулган хуулинд заасан асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэх учиртай. УИХ-аар шийдвэрлэх асуудал бүхэн та бүхнээс дээд зэргийн эв эе, эвлэрэл зохицол, харилцан буулт хийж уян хатан байхыг шаардаж байгааг онцгойлон анхаарвал зохино. Энэ бүхэн ард түмний сонголтын үр дүнгээс урган гарч байгаа бодит шаардлага юм. Аливаа зүйлд байх өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны хэмжүүр, чиглэл Монгол Улсын парламент, түүний үйл ажиллагаанд ч бий. Шинээр байгуулагдаж буй УИХ өнгөрснөөсөө сургамж авч ирээдүйгээ зөв төлөвчлөн орчин үеэрээ ажиллаж амьдарна гэдэгт би итгэлтэй байна. Цаг хугацааны дарамт нэгэнт бий болсон түүхэн бодит нөхцөл байдлыг мэдэрч шуурхай, шийдэмгий, ухаалаг, эвсэг ажиллахгүй бол дөрвөн жилийн хугацаа нэг л мэдэхэд өнгөрч улс эх орон, ард түмний тулгамдаад байгаа олон эгзэгтэй асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэх бус, харин ч хуримтлагдаж хурцагдсаар байх болно гэдгийг дор бүрнээ анхаарч ажиллавал зохино. Та бидний хувьд шийдвэрлэвэл зохих бэрхшээл, хүндрэлтэй асуудлууд багагүй байгааг энэ удаагийн УИХ эвт шаазгайн үлгэрээр нэгдмэл зорилготой, шаргуу ажиллаж эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Сонгож байгуулсан УИХ-даа бодлого, үйл ажиллагаа явуулах таатай боломж олгон дэмжиж, тусалж, хамтарч ажиллахыг нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагынхан, бизнес эрхлэгчиддээ уриалъя. Энэ уриалгыг Монгол улсад өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж бидэнд халуун тусламжаа үзүүлсээр байгаа гадаадын улс орнууд, олон улсын байгууллага, тэдгээрийн элчин төлөөлөгчид ч талархан хүлээж авна гэдэгт найдаж байна. УИХ-ын анхдугаар чуулганыг нээх төрийн ёслол эхэлснийг мэдэгдье.
Одоо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 20-ын хоёрт заасны дагуу УИХ-ын сонгуулийн нэгдсэн дүн, УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл сонсгохоор Монгол УИХ-ын дэргэдэх СЕХ-ны даргыг индэрт урьж байна.
-Ноён Ерөнхийлөгч өө, шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд ээ, хүндэт зочдоо, хатагтай, ноёдоо. Монгол УИХ-ын ээлжит сонгууль 2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр болж өнгөрлөө. СЕХ УИХ-ын нэгдсэн дүнг тойрог, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр тооцон гаргаж намуудын авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрийн жагсаалтыг 2004 оны долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн билээ. СЕХ сонгуулийн дүнг үндэслэн УИХ-ын гишүүдийн шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд оруулж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд улс төрийн 7 нам дангаараа гурван нам, эвсэл болж, мөн бие даан нэр дэвшигчид оролцлоо. Сонгуулийн саналын хуудаст 244 хүний нэр бичигдэн санал хураалтад орсон нь 2000 оныхоос бараг гурав дахин бага байгаа юм. Энэ удаагийн сонгуулийг улс орон даяар зохион байгуулах үүрэг хүлээсэн сонгуулийн 76 тойргийн хороо, түүний 338 салбар хороо, 1645 хэсгийн хороо байгуулагдан ажиллаж, эдгээр хороодод 16500 орчим хүн ажилласан бөгөөд сонгуулийн 1650 орчим хэсэгт санал авах ажил явагдлаа. Сонгогчдын нэрсийн жагсаалтад сая 331мянга 721 хүн бичигдэж, сая 91 мянга 203 сонгогч саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын 81.94 хувь нь саналаа өгчээ. Энэ нь Монгол улсын иргэд Yндсэн хуулиар олгосон сонгуулийн эрхээ гүнээ ухамсарлан, төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах улс төрийн нэн чухал үйл хэрэгт идэвх гаргаж оролцсоны бодит илэрхийлэл мөн юм. УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 244 хүний нэр саналын хуудаст бичигдсэний 229 нь улс төрийн нам, эвслээс, 15нь бие даан нэр дэвшигчид байлаа. Манай сонгуулийг ОХУ, Япон, Хятад, АНУ, Англи, Франц, Солонгос, Энэтхэг, Австрали, ХБНГУ,Чех, Болгар зэрэг улс орны болон олон улсын байгууллагын 117 хүн ажиглах хүсэлтээ гаргаж бүртгүүлж ажиллалаа. Мөн гадаад орнуудын томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн 20 гаруй сурвалжлагчид сонгуулийг сурталчиллаа. СЕХ 4-р сарын 12-ноос 6-р сарын 26-ны хооронд 133, 6-р сарын 27-ноос 7-р сарын 2-ны хооронд 115, 7-р сарын 3-наас хойш 17 хүсэлт шаардлага, мэдээллийн шинжтэй өргөдөл гомдол хүлээн авч, тус бүрд нь анхааралтай хандан өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэлээ. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулахад СЕХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн болно. Тухайлбал УИХ-ын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн хороодод ажиллах, санал авах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн ажлыг зөв шуурхай зохион байгуулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн тэдгээрийг зохицуулах заавар журам, маягт заавруудыг шинээр боловсруулан баталж хүргүүллээ. Түүнчлэн СЕХ-ны гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, аймаг, тойрог, хороодыг хариуцуулан сонгуулийн хуулийг сонгогчдод сурталчлан таниулах, санал хураах бэлтгэл ажлыг хангуулахаар орон нутагт томилолтоор ажиллуулж, боломжтой асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллуулсан юм. СЕХ-ноос удаа дараа урьдчилан сануулсаар байхад энэ удаагийн сонгуулийн явцад зарим нэр дэвшигч сонгуулийн хуулийг үл хүндэтгэн сонгогчдын саналыг худалдан авахыг оролдсон, хүмүүсийг бөөнөөр нь шилжүүлэн санал өгүүлэх, архидуулах, эмх замбараагүй байдал бий болгох санаархал гарсан явдалд гүнээ харамсаж байна. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид бол харьцангуй улс төр, хууль зүйн өндөр мэдлэг, соёлтой хүмүүс атал Монгол улсын хуулийг дээдлэх, сонгуульд чин шударгаар өрсөлдөх ариун үүргээ умартах асуудал гарсанд улс төрийн намууд цаашид дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна. СЕХ олон тооны гомдлыг нэгбүрчлэн нягтлан шалгаж үзсэний үндсэнд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэг, 59 дүгээр тойргийн 18, 22 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. СЕХ энэ шийдвэрээ зөв гэдэгт одоо ч итгэлтэй байна. Нэгэнт хуулийг ноцтой зөрчсөн болох нь нотлогдсон байхад дахин санал авах нь шударга бөгөөд эцсийн дүнд сонгогчдид үнэлэлт гаргана. Сонгуулийн дараах өдрүүдэд СЕХ-ны үйл ажиллагаанаас хамаарахгүй асуудлууд гарсныг хэн бүхэн мэдэж байгаа. СЕХ сонгуулийн дүнг нэгтгэх явцад янз бүрийн байдлаар гудамжнаас нөлөөлөхийг оролдсон бэрхшээлтэй нөхцөлд хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж ажилласан. Сонгуулийн явцад болон түүний дараа үүссэн түвэгтэй нөхцөл байдал нь УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх цаг нэгэнт болжээ гэсэн дүгнэлтэнд арга буюу хүргэж байна. Эрхэм нөхөд өө, УИХ-ын гишүүнээр МАХН-аас 36, Эх орон-Ардчилал эвслээс 34, БНН-аас нэг, бие даан нэр дэвшсэн гурван хүн тус тус сонгогдлоо. УИХ-ын 24, 59 дүгээр тойргоос сонгогчдын асуудал маргаантай байна. Шинээр сонгогдсон УИХ-ын 73 гишүүн дээд боловсролтой, 1 гишүүн дунд боловсролтой байна. Эдний таван хувь нь буюу 6.7 хувь нь эмэгтэйчүүд байна. УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 30 настай, ахмад нь 63 настай байна. Мөн тэдний ес нь буюу 12.2 хувь нь хуульчид, 28 нь буюу 37.8 хувь нь эдийн засагчид, 18 буюу 24.3 хувь нь бүх төрлийн инженерүүд, 29 буюу 39.2 хувь нь багш болон бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байна. Хос мэргэжил эзэмшсэн 12 хүн сонгогджээ. Эрдмийн зэрэг цолтой 24 хүн байна. УИХ-ын гишүүнд сонгогдсон хүмүүсийн 36 нь төр захиргааны байгууллагад, 19 нь улс төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуульд, 19 нь бизнесийн салбарт ажилладаг хүмүүс байна. Монгол УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр бүхий 74 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг УИХ-ын чуулганы хуралдаанаас СЕХ хүсч байна. Та бүхний өндөр хариуцлагатай албанд чинь амжилт хүсье. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. Баярлалаа.
Н.Багабанди Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-ны даргын тавьсан илтгэлтэй холбогдуулж асуулт тавьж хариулт авч болно.
Эрхэм нөхөд өө, УИХ-ын анхдугаар чуулган товлосон хугацаандаа эхэлж, УИХ-ын сонгуулийн нэгдсэн дүн, УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлаар СЕХ-ны даргын илтгэлийг сонслоо. Гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-д суудал авсан МАХН-аас УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдээ анхдугаар чуулганд оролцуулахгүй байх тухай мэдэгдэл гаргажээ. Хуулийн дагуу дараачийн асуудлыг хэлэлцэхэд хуралдааны ирц хүрэлцэхгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу чуулганы хуралдааныг би завсарлуулах гэж байна. УИХ-ын анхдугаар чуулган товлосон хугацаандаа эхэллээ. Цаашдаа шинээр бүрдсэн УИХ, түүний одоогийн бүтэц УИХ-ын гишүүдээс туйлын ухаалаг ажил хандлагыг шаардаж байна. Улс төрд мөнхийн нөхөр үүрдийн дайсан гэсэн үг бий. Yүрдийн мөнхийн эрх ашиг бий гэсэн үгийг та бүхэн сонссон байх. Мөнхийн эрх ашиг нь Монгол улсын язгуур эрх ашиг, ард түмний язгуур эрх ашиг юм. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, зарчим болгон ашиглаж УИХ-д шинээр сонгогдсон эрхэм гишүүд, улс төрийн намууд ширээний ард сууж, зөвшилцөж төрөө төвшитгөх ажлыг энэ хугацаанаас эхлэн Төрийн ордондоо хийх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ажлыг цаг алдалгүй хийж УИХ-ын чуулганыг цааш нь үргэлжлүүлэх бололцоотой болно. УИХ-ын эрхэм гишүүдээс харилцан бие биедээ буулт хийж, харилцан бие биенийгээ ойлгож, итгэлцэж, төр түмнийхээ төлөө хамтран ажиллах ийм цаг ирсэн гэдгийг би төрийн тэргүүний хувьд сануулж байна. Энд хүрэлцэн ирсэн, хүрэлцэн ирээгүй байгаа бүх гишүүдэд энэ үг хамаатай болно. Уудам сул жаргая гэвэл биеэ хичээ, хамт хоёулаа нийлж харилцан найрамдаж, умартсанаа сануулж, унтсанаа сэрүүлж явъя гэж эзэн Богд Чингис хааны хэлсэн үгийг өчигдөр би ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурдсаныг та бүхэн сонссон байх гэдэгт би итгэж байна. Энэ үгийг цааш цаашдаа санаж бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг өндөрлөнө гэдэгт би та бүхэнд итгэж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу чуулганы хуралдааныг завсарлаж байна. Дараачийн хуралдаанаар асуулт хариултууд үргэлжилнэ. Мөн УИХ-ын гишүүдийн тангараг өргөх болон бүрэн эрхийг зөвшөөрөх анхдугаар чуулганы дэгээ товлон тодорхойлсон бүх асуултууд яригдах болно.