Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч хууль зөрчөөгүй

Эрхэм хүндэт иргэд ээ! УИХ-ын сонгуулийн үйл явц, түүни йдараагаар зохион байгуулагдсан жагсаал цуглаан, улс төрийн таагүй уур амьсгал нийгмийн сэтгэл зүйд дарамт учруулж өрсөлдөөнт, тайван бус байдал нэгэнт бий болгоод байсан билээ. УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн ажилагааг улс төрийн тодорхой хүчний удирдлагын шийдвэрээр тасалдуулж, түүнийгээ залгуулан нэг талыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан өрөөсгөл суртал нэвтрүүлэг үүн дээр шинэ бухимдал нэмэрлэсэн юм.
Нийгэм-улс төрийн хийгээд сэтгэлзүйн ийм адармаатай нөхцөлд эв эеэ эрхэмлэн тэвчээртэй, хүлээцтрэй байж монгол түмнийхээ үндэсний их баяр наадм, ардын хувьсгалын 83 жилийн ойн баяраа ёс төртэй тэмдэглэн өнгөрүүлж төрт ёс, түүх, соёлынхоо нийтлэг уламжлалаар үндэснийхээ эв нэгдлийг нотлон харуулсан нийт иргэддээ баярлалаа. Ерөөл хүслээ шившин шингээсэн есөн хөлт их цагаан тугийнхаа хийморь бадрааж, онгод далласан их сүр, ивээл дор тэгш шударга, цэнгэл баясал дүүрэн наадцагаалаа. Монгол түмний үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 83 жилийн ой сайхан болж өндөрлөлөө.
Хуульд нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх хуультай. Зарлиг хэрэгжих бүх нөхцлийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд бүрдүүлж ажиллан гүйцэтгэлийг хангахаас бус, түүнд зохиомол саад бэрхшээл бий болгох учиргүй.
Монголчууд бид өөр хоорондоо сөргөлдөн талцаж, бие биеэ гүтгэн гүжирдэх, доромжлох, нэр төрийг нь унагах, өөрийгөө дөвийлгөн илүү их эх оронч-ийн дүрд тоглох нь утгагүй ээ. Аливаад бодитой хандаж өөрийн бодолтой байж байгаа юмыг байгаагаар нь хэлж, нэрлэж сурах нь чухал. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол УИХ-ын гишүүдэд төдийгүй Yндсэн хуулиар манай нийт иргэдэд олгогдсон эрх, том боломж юм. Энэ боломжоо бид зөв үйлст дүүрэн ашиглах учиртай. Бүгдээрээ ярилцвал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй ч гэдэг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдах УИХ-д суудал авсан нам, эвсэл хийгээд нийт гишүүдээсээ үндэсний эв нэгдэл, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн эвлэрч зохицох, зөвшилцөх, харилцан буулт хийж бие биедээ хүндэтгэлтэй хандахыг урьд урьдаас илүү шаардаж байгааг би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дахин давтан хэлж бас уриалж байгаа.
Энэ үйл явцад дэм өгөх үүднээс ч УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлаж эхлүүлэн Ерөнхийлөгчөөс шалтгаалан шинээр байгуулагдах УИХ ажил нь хойшлохгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. УИХ-д суудал авсан нам, эвслийн удирдлага шинээр сонгогдсон гишүүд гудамжинд бус Төрийн ордондоо цуглаж, зөвшилцөж ажиллах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд нийцнэ.
Миний энэ бодол ард иргэд та бүхний маань бодол саналтай ижилхэн байгаа хэмээн найдаж байна.
МАХН-ын удирдлагын зарим хүмүүс УИХ-ын анхдугаар чуулганыг ирц бүрдээгүй байхад нээж хууль зөрчсөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийг буруутгахыг санаархаж байна. Гэтэл Yндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д зааснаар нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох ирцийг УИХ-ын тухай хуулийн 8.4-т тусгайлан зааж тодотгон хуульчилжээ. Нийт гишүүдийн олонхи бүрдсэн байх ёстой ирцийг УИХ-ын ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлтийн хуралдаанд заавал бүрдүүлэхээр зааж, харин анхдугаар болон хүндэтгэлийн чуулганы хувьд дээрх заалт хамаарахгүй байхаар хуульчилж өгсөн байна. Хууль ийм болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч хууль зөрчөөгүй нь тодорхой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д албан ёсоор айлчлал хийхээр эх орноосоо мордохын өмнө УИХ-д суудалтай нам, эвслийн удирдлагад хандаж УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих бүх асуудлаар ухаалаг зөвшилцөлд хүрч хамтран ажиллахыг, үүнд нь дэм тус хүргэж бололцоо олгон, сэтгэлийн хөөрөл, болчимгүй үйлдэлд өртөлгүй ухаалаг тайван ажиллаж амьдарч байхыг нийт иргэддээ уриалж байна. Хууль, зарлиг, ардчилсан ёс, нэгэнт тогтсон жишгээр УИХ-ын бүрэн эрх шинээр байгуулагдах УИХ-д хуулийн дагуу мөдхөн шилжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийх энэхүү айлчлалд асар их ач холбогдол өгч байна. Монгол төрийн тэргүүн дэлхийн энэ том гүрэнд айлчлал хийх нь манай үндэсний эрх ашгийн асуудал мөн. Ард түмэн маань ч айлчлал үр дүнтэй болоосой гэж хүсч, хүлээж байгаа нь тодорхой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын явцад эх оронтойгоо байнгын холбоотой ажиллах болно. Тайван, тогтвортой, хүлээцтэй байж, бүх асуудал хуулийн дагуу шийдлээ олоход ухаалаг туслалцаа дэмжлэг үзүүлэхийг ард иргэддээ уриалж байна.
/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button