Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол төрийн сүлд ивээх болтугай
Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ!
Эртний түүхт их Монгол Улсын гал голомтыг сахисан, эдүгээгийн тусгаар тогтносон, Бүгд Найрамдах Монгол Улсын эзэд нь болсон та бүхэндээ Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 83 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Жаргалтай дэлгэр зуны сайхан цагт зон олноороо хуран цуглаж, энх мэндийн жаргал, эв найрамдлын баяр болгон дэнж хотолйгон, дэлхий баясган цэнгэдэг монгол наадмтайгаа баярын мишээл дүүрэн золгож байна.
Монголчууд бид наадмаас наадмын хооронд нэгийг бүтээж, шинийг сэдж, өмнөх амжилтаа бататган ахиулах, өөдрөг сэтгэлээр аж төрдөг, тэнгэрлиг хүсэлтэй тэмүүлэл дүүрэн ард түмэн билээ.
Энэ уламжлалаараа өнгөрсөн жилийн наадмаас хойш хийсэн бүтээсэн амжилт ололтоо хүн бүр дотор сэтгэлдээ дүгнэн цэгнэж баяр наадмаа угтаж байгаа гэдэг нь тодорхой.
Өнөө жилийн наадам төрийн эрх барих дээд байгууллагаа сонгон байгуулах УИХ-ын ээлжит сонгуулийн жилд болж байгаагаараа онцлог юм.
Ард түмэн энэ сонголтоороо төрд өөрсдийн идэвхтэй оролцоо, хүчтэй ханалттай байхыг, нийгэмд өргөн ардчилалтай, тэгш, шударга ёс зүйтэй байхыг хүсч, нийт иргэн, улсын ашиг сонирхол бүхий асуудлыг улс төрийн хүчнүүд харилцан эв найртайгаар хамтран хэлэлцэж, ухаалгаар шийдэн урагшлах ирээдүйгээ бүтээх нийгмийн эвлэрэл зохицлын замыг сонгож байгаагаа илэрхийллээ.
Иргэн бүрийн сонголтоос бүрдсэн энэ хамтын бөгөөд хамгийн дээд, эцсийн шийдвэрийг СЕХ баталгаажуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Төрийн тэргүүн би үүнийг хүндэтгэн хүлээж аваад Yндсэн хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын анхдугаар чуулганыг товчлон зарлаж эхлүүллээ.
Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдынхаа сонголтыг хүндэтгэн, аливаа маргаантай асуудалд хүлээц тэвчээртэй, буурь суурьтай хандаж, эв эе эвлэрэл зохицол, ил тод зөвшилцөл хэлцлийг эрхэмлэн, орчин үеийн соёлтой, ардчилсан аргаар асуудлаа шийдэх боломжийг шинээр байгуулагдах УИХ-даа олгож, дэмжиж ажиллах нь чухал байна.
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд МАХН-аас сонгогдсон гишүүд намын удирдлагын шийдвэрээр хүрэлцэн ирээгүй шалтгааны улмаас чуулганаар шийдвэрлэх учирта йзохион байгуулалтын асуудлаа хэлэлцэлгүй завсарлаад байна. Анхдугаар чуулган эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчсөн мэтээр ярьж хэлэлцэж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг ард түмэндээ мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Yндсэн хууль зөрчөөгүй, тангаргаасаа няцаагүй, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ төрийн хуулийн дагуу гүйцэтгэж байгаа гэдгээ намайг итгэж сонгосон та бүхэндээ баяр наадмын босгон дээр мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Надад бүрэн итгээрэй.
Хөгжил дэвшилд хүрсэн түвшнийхээ ололт амжилтын эрч хүч, эн далайц, хурдац хэмнэлийг сааруулахгүйгээр урагшлах нь чухал. Yүний тулд нийт үндэсний эв нэгдэл, улс төрийн хүчнүүдийн ухаалаг хамтын ажиллагаа хамгийн чухал болоод байна.
Монголчууд бид түүх соёл, угсаа гарвалын хувьд ч, төрийн байгуулламж, нутаг дэвсгэрийн хувьд ч нэгдмэл нэг үндэстэн билээ. Уруул дордойвч элэг дордойх учиргүй хэмээх ухаант дээдсийнхээ сургаалийг сүсэлж улс гэрээ түвшитгэн хөгжүүлэх учиртайг баярын энэ өдрүүдэд ч, түүний дараах хугацаанд ч бүг_д сэтгэлдээ хадаастай байлгая.
Yндэсний их баяр наадам бол даяаршлын энэ үед Монгол Улс дангааршхин оршин буйн содон шинж төдийгүй үндэсний үнэт эрхэмлэлийг тодотгон ард түмний эвийн гагнаасыг бэхэлдэг сайхан тохиол болно.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Маргаашийн мандах улаан нарнаар Монгол эх орны дөрвөн зүг, найман зовхист хурдан хүлэг морьдын туурайн төвөргөөн дэнж газрыг дэлдэж, хүүхэд багачуулын гийнгоон дуу хөндий талыг цуурайтуулж, хурц мэргэн харваачдын цэц эрхийн чивчрээндээ ханаж, хүчит бөхчүүдийн гарьдын дэвэлт олны харааг булаасаар түмэн олны цэнгэл баяслын дээд, төрийн их баяр наадам эхэлнэ.
Эрх чөлөөт эх орныхоо иргэн болсон наадамчин олон маань хууль журмаа хүндэтгэн биелүүлж, хүн бүр дэг жаяг, ёс жудгийг эрхэмлэн сахиж, буруу эндүү санаа бодол, болгоомж, сэрэмжгүй үйлдлийг тэвчин, аятай тухтай цэнгэн баясаж, аз хийморь дүүрэн байхыг Төрийн тэргүүний хувьд та бүхнээсээ хүсч байна.
Монгол төрийн минь сүлд та бүхнийг ивээх болтугай.
Та бүхэн тавтай сайхан наадаарай.
/Өдрийн сонин, 2004.07.14, 174/