Сайн сайхан алсын зорилго тавьж явбал ойрын зорилго амархан бүтдэг

-Та цагаан сарын өмнөхөн Монгол улсын Ерөнхий сайдын БНЭУ-д хийсэн ажлын айлчлалд багтаад тус орныг зориод ирсэн. Энэтхэгийн Засгийн газар монгол сүм барих газрын асуудлыг нааштайгаар шийдсэн. Энэ газрын тухай анх үүсэл сэдлийг нь ямар хүн тавьсан юм бол? Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай тэргүүн хатагтай анхлан очиж энэ газрын саналыг тавьж өгсөн юм. Сүүлээр нь Ерөнхийлөгч 2000 онд очоод тодорхой шийдэлд хүрч үнэ өртөгтэйгөөр авахаар болсон юм. Сая Ерөнхий сайд айлчлахдаа газраа үнэ төлбөргүй авах болсон сайхан явдал боллоо. Ингэж эрэмбэ, дэс дараатай явж ирсэн асуудал байгаа юм. Манай төрийн тэргүүнүүд маань ийм буянтай үйл хийж шашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэтгэнэ гэсэн Yндсэн хуулийн зарчмыг ёсчлон дагаж түмэн олондоо ийм буянтай зүйл хийсэн тэр улсуудад хязгааргүй баярлан сууна даа.
-Нэгэнт газраа авсан юм чинь сүм хийдээ барих асуудал, хөрөнгө санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ?
-Бид ойрын үед тусгай комисс гаргаж ажиллуулах шийдвэр гаргасан. Монгол онцлог, монгол ёс заншил, урлагийг шингээсэн их аятайхан дуган барих санаатай барилга архитекторын нэлээд гайгүй шилдэг улсууд урьдчилсан хэлбэрээр зураг төслөө гаргаад ажиллаж байна.
-Лүмбинид харж байхад маш олон гадны сүм хийдүүд байх бөгөөд Азийн сүм хийдүүд монгол гэхээр их нааштай хандаж байсан. Түүнтэй адил манайх зорьж очсон мөргөлчид сүсэгтнүүдээ хүлээж авч алжаалаа тайлан амрах боломжийг хангах тусгай буудал зэрэг баригдах боломжтой юу?
-Тийм ээ. Бусад орны туршлагыг харж байхад нэлээд олон янзын үйл ажиллагаа явуулдаг чиглэлтэй юм билээ. Тиймээс Монголоос очсон сүсэгтнүүдээ байрлуулах тохирсон зочид буудал хэрэгтэй болно. Ер нь тухайн сүм хийдийг зорин ирсэн тэр улсууд маань үндэсний хэв шинжтэй орчинг мэдэрч, үндэсний хоол ундыг хүсдэг юм байна. Тийм учраас сүм хийд маань улс орныхоо нүүр царай болж, монгол соёл, өв уламжлалыг хадгалсан, монгол орноо сурталчилсан хурал номоо ч хурдаг, зочид буудал, хоолны газар гэх мэт нэлээн олон юмыг хамарсан орчин үеийн жишигт нийцсэн үйлчилгээ бүхий цогцолбор маягтайгаар байгуулах санаатай байна.
-Тэгэхээр хурал номоо хурах лам нар маань хаанаас бэлтгэгдэх вэ? Лам нарын номын хувцасны тал дээр бодож төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Лам нар бол Монголоосоо очиж хурна даа. Боловсон хүчний хувьд сургууль соёл төгссөн ном эрдэм үзсэн лам нараас очно. Байнгын үйл ажиллагаатай тийм сүм дуган байх болно. Харин хувцас хунарын хувьд нэлээн төвөгтэй зүйл бий. Тэнд зуны цагт асар их халуун байдаг орон шүү дээ. Монгол дээл, монгол ламын хувцас нэлээн зузаан байдаг болохоор зохицуулах асуудал гарна.
-1990-ээд оноос маш олон шашин соёлын урсгал Монголд орж ирсэн. Тиймээс манай залуучууд гадны соёл, хэв загварыг их дагадаг болжээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь Азийн орнууд орчин үеийн техникжсэн хөгжил дэвшлийнхээ хажуугаар өөрийнхөө хэв шинж, ёс заншлыг хадгалж үлдсэн нь нэлээн онцгой мэдрэгдэж байдаг. Сүүлийн үед гадны кино их гардаг болжээ. Азийн киног харж байхад техникжсэн загварт орсон бус, ёс заншлаа дагасан, уламжлалт сэтгэлгээгээ барьсан шинжтэй харьцангуй хүнлэг, сэтгэлийн нарийн мэдрэмжээр амьдралд хандаж байгаа ёс суртахуун зонхилсон нь анзаарагддаг. Сүүлийн үед япон болоод Азийн орнууд нэг хэсэг хаячихсан байсан уугуул ёс заншил, өв соёлоо дахин сэргээн түгээж дэлгэрүүлээд байна. Жишээ нь Чоён гэж хуучны уламжлалт сүм байсан. Түүнийгээ орчин үеийн хэв загварт оруулж сайхан байгууламж болгосон байсан. Бурхан шашны газрууд нь гэхэд өөрсдийнхөө ур чадвар, оюун ухааныг харуулсан, хөгжил дэвшилд тулгуурласан урьдынхаас илүү сайн байгууламж байгаа нь харагддаг.
-Азийн орнуудын сүсэгтний байгууллага нь идэвхтэй ажиллаж байгаа нь харагддаг. Энэ тал дээр танд анзаарагдсан зүйл байдаг уу? Монголд үүнийг яаж хэрэгжүүлж, хөгжүүлж болох вэ?
-Нийгэм хөгжил дэвшилд ороод ирэхээрээ аяндаа хүмүүсийн оюун санааны бололцоо нээгдэж, тэр зоргоор өөрийнхөө итгэл үнэмшил, дур сонирхлоо дээдэлж хүндэтгэлтэй ханддаг. Тухайлбал Бидний бар гэж яриад байгаа Тайвань, Япон зэрэг орны сүсэгтний байгууллагууд нь үнэхээр гайхамшигтай ажиллаж байгаа нь харагддаг. Сүсэгтнүүд нь итгэл бишрэлээ болгосон шашиндаа хүндэтгэлтэй хандаж үйл ажиллагааг нь зөв зохистой явуулах тал дээр санаа сэтгэл тавьж дэмжиж тусалж байдаг. Тэгж оюун санаа болоод эд хөрөнгийн идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сүм хийд, лам нарын үйл ажиллагаанд давхар хяналт шаардлага тавьж байдаг. Ингэж сүсэгтэн, лам, хийдүүд хослоод харилцан тусламж дэмжлэгтэй байсан цагт шашин номын үйл сайхан явагдаж байгаа харагддаг.
-Бидний ярилцлага нэлээн ажил хэрэг талаасаа байлаа. Харж байхад тантай уулзах гэсэн алба, амины маш олон хүн байх юм. Ер нь таны жирийн өдрүүд яаж өнгөрдөг вэ?
-Хуучин хамба нарын байдлаас арай ондоо болчихсон юм болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл миний ажил алба ерөнхийдөө засаг захиргаа, албан байгууллагын зохион байгуулалтанд орчихсон. Тиймээс өглөө 9 цаг хүртэл гэртээ уншлагаа уншаад, түүнээс хойш энэ албандаа захирагдаад ажиллах шаардлага урган гардаг.
-Хүн маш их юм хиймээр үед цаг дэндүү бага санагддаг. Өөрөөр хэлбэл хүнд илүү цаг байнга дутагддаг. Та ажил амжихгүй үедээ яадаг вэ?
-Заримдаа цаг амжихгүй үе байна л даа. Тийм үед хамгийн чухал гэсэн арай хүртээмжтэй, нийгэмд хэрэгтэй гэсэн ажлаа барьж аваад түүн рүүгээ л явна даа. Олон талын ажил барьж аваад байвал өөрөө ч зүдрэнэ, өрөөлд ч төвөгтэй.
-Хамгийн сүүлд olloo сэтгүүлийн хүндэт зочин болж цаг заваа гаргаж ярилцсан танд баярлалаа. Та манай анхны уншигчдад хандаж сайхан сургаал айлдана уу?
-olloo гээд сайхан сэтгүүл гарч байгаа юм байна. Бурхан шашиндаа сүсэглэн биширч, бурхны төлөө сэтгэл оюунаа зориулж байгаа хүмүүстээ амьдралд дөрвөн зүйлийн чухаг байдгийг захиж байна. Хамгийн түрүүнд хүний сайн сайхан явахад нас байхгүй бол юу ч бүтээж чадахгүй, тиймээс урт наслах хэрэгтэй. Мөн өвдөж зовоод байвал жаргаж өгдөггүй. Тиймээс өвчингүй эрүүл энх байх хэрэгтэй. Газар дэлхий хямраад, гал усны гашуун зовлон амсаад байвал хүн ард жаргаж өгдөггүй. Тиймээс бидний оршин байгаа ертөнц дэлхий энх амгалан, зуд турхан гэх мэт цаг бусын аюулгүй байгаасай.
Эцэст нь хэл аманд орооцолдоод, хэрүүл тэмцэл, аюул осолд өртөөд байвал жаргаж өгдөггүй. Тиймээс барчидгүй мэнд, сайн сайхан суугаарай гэж ерөөе дөө. Мөн эд таваар байхгүй бол бусдыгаа татаад унагачихдаг. Тиймээс эд таваар элбэг дэлбэг байхын ерөөлийг давхар тавъя.
Нийт сүсэгтэн улсууддаа хандаж хэлэхэд урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барчидгүй мэнд, хэл ам, хэрүүл тэмцэлгүй амар тайван, эд таваар элбэг дэлбэг, энх сайхан байлгахаа бидний өвөг дээдэс үеэс үед бурхан шашиндаа даатган залбирч ирсэн. Тэр уламжлалт ёсыг та бүхэн ч бас ёсчлон дагаж, хүндэтгэн дээдэлж яваасай гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд сайн сайхан алсын зорилго тавьж явбал ойрын зорилго амархан бүтдэг гэдгийг санаж яваарай.
/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button