МАХН-ын хүсэлтээр 59 дүгээр тойргийн хороо дахин хууль зөрчлөө

Гэтэл 59 дүгээр тойргийн хороо үндэсний их баяр наадмын амралтын өдөр буюу долдугаар сарын 13-ны өдөр хуралдаж нэмж дахин нэг хэсэгт санал хураалт явуулах тогтоол гаргажээ. Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооноос долдугаар сарын 9-ний өдөр гомдол гаргасны дагуу 2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр 17 дугаар хэсэгт авсан санал хураалтыг хүчингүй болгосон байна. Мөн хэсгийн дахин санал хураалтыг ирэх бямба гаригт явуулахаар тогтоожээ. Урьд нь уг тойргийн 18, 22 дугаар хэсгийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахаар тус тойргийн хороо болон СЕХ шийдвэрлэсэн билээ. Yүнийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн Сам.Отгонбаяр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Ийнхүү эхний маргааныг шийдвэрлэж амжаагүй байтал дараагийн хууль зөрчсөн үйлдэл гарлаа.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд дахин санал хураалт явуулахаар бол 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дээр нь УИХ-ыг сонгох сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж албан ёсоор баталгаажуулсны дараагаар тойргийн хороо ийнхүү дур мэдэн шийдвэр гаргав. Энэ бүхнийг хуулийн байгууллага нягтлан хэлэлцэж шийдвэрлэх үлдлээ.
/Өдрийн сонин, 2004.07.15, 175/