Асашёорюү өвдөг шороодов

Түүний араас озэки Чиётайкай, сэкивакэ Точиазүма, маэгашира Миябияма нар есөн даваатай нэхэж байна. Озэки Мусояма Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг дэвжээний захад мухар тонгороод давлаа. Н.Цэвэгням таван даваа, зургаан унаатай болов. Кёкүшюзаныг Которю мавашиний барьцнаас нэлээд өндөр өргөөд дэвжээнээс гаргалаа.
Асасэкирюү сэкивакэ цол хүртэж байсан Такановакаг ялж тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол Токитэнкү А.Хүчитбаатар Вакатобаг ялж дөрвөн даваатай болжээ. Озэки Кайо сэкивакэ Ваканосатог давснаар мөн тавин хувийн амжилтаа үзүүлсэн байна.
Жюүрёод зодоглож буй Ама Д.Бямбадорж Катаямаг ялж найман даваатай болжээ. Өнөөдрийн барилдаанд их аварга сэкивакэ Ваканосатотай, Кёкүтэнхо Точинонадатай, Д.Батбаяр Точисакэтэй, М.Даваажаргал Буюзантай, Б.Дашням Оцукасатай, А.Хүчитбаатар Такановакатай учраа таарсан байна. Озэки Кайо сэкивакэ Точиазүма нар хоорондоо барилдах оноолт таарсан нь олны сонирхлыг татах биз ээ.
/Өнөөдөр, 2004. 07.15, 164/