Ерөнхийлөгч Вашингтон орох замдаа Сөүлд түр саатав

Нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСУ-ын ГХХЯ-ны төрийн ёслол хариуцсан Элчин сайд Кым Бен Мук, КАЛ компанийн ерөнхий захирал Ли Жон Хи, ГХХЯ-ны ёслолын албаны дэд захирал Пак Сек Хван, Инчхоны олон улсын нисэх онгоцны буудлын дарга Жо Y Хен нар угтав.
БНСУ-ын Хёндэ мотор группийн эзэн Жөн Мон Гү, Ханжин группийн эзэн Жо Ян Хо, Хангүк Илбо сонины эзэн Жан Жэ Гү нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй үүний өмнө нэг бус удаа уулзаж байсан, хуучин танилуудын хувиар нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний гэргийг хүндэтгэн өглөөний цай барив. Цайны үеэр хоёр талын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд, бид тус тусдаа уулзаж байсан, харин нэг дор бөөнөөрөө уулзаж байсангүй. Өнөөдөр ийнхүү уулзах боломжийг бүрдүүлсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улс, БНСУ-ын хооронд албан ёсны харилцаа тогтоод 14 жил боллоо. Энэ богинохон хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа бүх чиглэлээр эрчимтэй хөгжиж эдүгээ Монгол улсад оруулж буй хөрөнгө, хийж буй худалдааны хэмжээгээр БНСУ-д эхний тавд багтаж байна гээд үүнд та бүхний хүчин зүтгэл, хувь нэмэр шингэсэн юм гэв.
Ерөнхийлөгч Н.Багабанди Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Засгийн газар хамтран Монголд дэд бүтэц хөгжүүлэх талаар томоохон төсөл хэрэгжүүлэхээр болж байгааг дурдав. Чойр-Замын-Yүдийн чиглэлд тавих хатуу хучилттай замын барилга байгууламжийн. Ажилд зориулж БНСУ-ын Засгийн газар 24 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэнээ Монголын үндэсний баярын өдөр долдугаар сарын 12-нд албан ёсоор зарласан тухай баяртай мэдээ дөнгөж сая элчин сайдаасаа сонслоо. Энэ төсөл олон улсын тендерээр хэрэгжинэ. БНСУ-ын нэр хүнд бүхий том группүүд үүнд оролцвол бид баяртай байх болно гэв.
Монгол Улсад дэд бүтэц, аялал жуулчлал хөгжүүлэх, цөлжилттэй тэмцэхэд Хёндэ мотор, КАЛ, Хангүк Илбо зэрэг том группүүд тодорхой хувь нэмэр оруулах боломж бий гэж Ерөнхийлөгч цохон тэмдэглэв.
Ханжин группийн эзэн Жо Ян Хо Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар группийн хэмжээнд судалгаа хийж байгаагаа мэдээлэв. КАЛ копманийн онгоц Улаанбаатар руу өдөр бүр нисдэг болсон хэдий ч зуны саруудад суудал олоход амаргүй байгааг уулзалтад оролцогсод дурдаж байв.
Өөрийн орны болон гадаадын уншигчдад Монголын тухай бодитой мэдээлэл өгөх, залуучуудыг Монгол оронтой танилцуулах ажил зохионо гэж Хангүк Илбо-гийн Жан Жэ Гү ярив.
Хёндэ группийн эзэн Жөн Мон Гү хэдхэн хоногийн өмнө Монголд очиж Монголын тухай тодорхой ойлголт, тсөөлөлтэй болсноо дурдаад, Монголын үндэсний урлаг, соёлыг Солонгосын олон түмэнд таниулах, Монголыг сонирхогчдын эгнээг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг урьж семинар, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулах, зах зээлтэй танилцуулах зэрэг өргөн хүрээтэй ажил хийхээр бодож төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгчид танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдрөө Вашингтон орохоор мордов. Ерөнхийлөгчийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд П.Yржинлхүндэв болон ЭСЯ-ны дипломат ажилтан нар угтаж үдэв гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлллээ.
/Өнөөдөр, 2004. 07.15, 164/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button