Ирэх саруудад Их Британы жуулчид Монголыг зорих бололтой

-Өнөө жил манай улсад хичнээн жуулчин ирээд байна вэ?
-Өмнөх жилүүдийг бодвол энэ жил жуулчдын тоо эрс нэмэгдсэан. Энэ нь өнгөрөгч оныг Засгийн газраас аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан гадаадын олон жуулчид захиалга өгсөн боловч тавдугаар сард гарсан SARS-аас болж хойшлогдсоны улмаас тэдгээр захиалга өгсөн жуулчид өнөө жил нэмэгдэн ирж байгаатай холбоотой. Нөгөө талаар манай аялал жуулчлалын компаниас гадаад орнуудад Монгол орны тухай үзэсгэлэн яармаг зохион байгуулж сурталчилгаагаа сайн хийдэг болсонтой ч холбоотой. Түрүү жилийн эхний хагаст 74365, өнөө жилийн эхний хагас жилийн байдлаар 107977 жуулчин ирсэн гэсэн судалгаа байгаа нь жуулчдын тоо өсч байгааг харуулж байна.
-Ер нь аль орны жуулчид зонхилж байна вэ?
-Энэ жилийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 44,9 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 60.8 хувиар өссөн байна. Бүс нутгаар нь авч үзвэл Америк тивээс ирсэн жуулчид 92, Зүүн Ази ба Номхон далайн орнуудаас ирсэн жуулчид 95, өмнөд Азиас ирсэн жуулчид 66 хувиар өссөн. Мөн зах зээлийн голох орнууд болох Хятад, Солонгос, Япон, Америк, Их Британи, Германы жуулчдын тоо өссөн. Дүн харагдаж байна. Харин Европоос ирэгсэд 8.6 хувь, Ойрхи Дорнодын жуулчдын тоо 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ер нь жуулчдын ирдэг оргил үе долоо, наймдугаар сар байдаг. Ер нь аравдугаар сар хүртэл жуулчдын хөл тасрахгүй. Тэгэхээр өнөө жил ямар олон жуулчин ирэх нь ойлгомжтой. Оны эхний саруудад францчууд жуулчдын дийлэнх хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн жил Францын телевизийхэн ирж манай компанитай хамтран Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалиар аялан баримтат кино хийсэн юм. Тэр кино Францад маш сайн сурталчилгаа болж өгсөн бололтой. Мөн ирэх саруудад Английн жуулчдын урсгал нэмэгдэх магадлалтай байгаа. Учир нь ВВС агентлаг манай орны тухай баримтат кино хийсэн нь их британчуудын анхааралд ийн өртөөд байгаа гэсэн.
-Европын орнуудын жуулчдын тоо буурсан нь юутай холбоотой байж болох вэ?
-ОХУ-аас манай жуулчид их ирдэг байсан. Ихэвчлэн албаны ажлаар зорчих нь элбэг байлаа. Харин одоо Оросоос ирэгсдийн тоо харьцангуй цөөрчихөөр Европ тивийн жуулчдын тоонд өөрчлөлт орчихож байгаа юм.
-Улсын хэмжээнд аялал жуулчлалын газар хэд байдаг вэ. Аялал жуулчлалын копмани олширсноор ямар ач холбогдолтой вэ?
-Энэ оны нэг сарын байдлаар 495 компани, 132 жуулчны бааз, 200 гаруй зочид буудал байна. Аялал жуулчлалын компани, баазуудын энэ тоон өсөлт мэдээж өрсөлдөөнд хөтөлж манай аялал жуулчлалын чанар чансаанд хурдацтай нөлөөлж байгаад талархалтай явдаг даа.
/Өдрийн сонин, 2004. 07.15, 175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button