Галт тэргэн дотор…

Нүцгэн, гуталтай хөлөөрөө эсрэг талын суудлын ирмэг дээр гишгэх ёсгүй гэдгийг сануулах нь илүү биз ээ.
Купенд яваа хүмүүс голдуу эрт унтдаг бөгөөд эхлээд дээд талын суудалд яваа хүмүүс унтахаар хэвтдэг. Энэ үед хажуугийн хүмүүс нь хонгилд гарч өгөх хэрэгтэй. Купе дотроо хумсаа цэвэрлэх, түрхлэг хэрэглэх, гэзгээ самнахдаа хэтэрхий удаж болохгүй, голдуу бие засах газар энэ үйлчилгээг хийдэг. Соёлтой хүн хажуугийнхаа настай хүнд доод суудлаа найр тавьж өгдөг.
Хамт яваа хүмүүстэйгээ яриа өдөх гэж бүү оролд. Ялангуяа асуусан асуултанд чинь ганц хоёр үгээр хариулж байгаа бол тантай яриа үүсгэх сонирхолгүй байна гэж мэдэх хэрэгтэй. Хэтэрхий яриа хүн хажууд чинь байгаа бол ном, сонин идэвхийлэн унших аргаар холдуулах хэрэгтэй.
Галт тэргээр явж ирж байгаа хүнийг үдэх, угтахад бас учир их бий. Манайд хүн үдэхдээ хэтэрхий их архидах, уйлж унжих, үгүй бол галт тэрэг рүү сүү, айраг цацах нь орчин үед маш тохиромжгүй харагддаг. Ялангуяа сүү, айраг цацахыг монгол хүн ерөөлтэй бэлэг дэмбэрэлтэй гэх боловч үүнийг галт тэргийг бохирдуулах, хажуугийн хүний хувцсанд толбо суулгах явдалтай, соёлч байдалтай холбож ойлгох хэрэгтэй. Явж байгаа хүнд цэцэг, ном, сонин, жимс, чихэр бэлэглэдэг.