Гэр бүлийн хэрүүлийн дүрэм

Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас үзвэл эхнэр, нөхөр хоёр зөв хэрэлдвэл гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлж хөгжүүлдэг байна.
Хүн бүхэнд таарах хэрүүлийн жор гэж байхгүй. Гэхдээ хайр сэтгэлийн холбоогоо таслахгүй байхад хангалттай хүрэлцэх нийтлэг зөвлөгөө буюу хэрүүлийн алтан дүрэм байдаг гэж ОХУ-ын Орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээний төвийн захирал, доктор Андрей Рассохин бичжээ. Энэ нь
1.Хүн биеэ яаж авч явахыг бүү заа. Буруугаа хүлээх, уучлал гуйхыг бүү шаард. Ингэвэл өөрийг нь шууд захирах гээд байгаа мэт харагдаж эсрэг этгээдийн зэвүүцлийг улам дэвэргэнэ. Тэгээд эсрэг этгээдээс хариу үйлдэл ирж гардан тулаан эхэлнэ.
2.Yүний эсрэг туйл нь уур хилэн, гомдлоо дотроо хадгалж, үг ч дуугаралгүй дотроо шатаж явах. Ийм тохиолдолд өөрөө өөртэйгөө хэрэлдсээр юу болоод байгааг ч мэдэхээ болих ба өөрийгөө ойлгуулах, нөгөөдөхөө ойлгох замыг хаана. Тэгэхийн оронд ширүүхэн үзчихвэл хурдан хугацаанд хохирол багатай эвлэрнэ.
3.Бурууг шууд тохох хэрэггүй. Харин өөрийнхөө бодлыг ил хэлэх хэрэгтэй. Жишээ нь Чи миний ээжийг ад үзээд байхдаа яадаг юм бэ гэснээс Би чамд үнэхээр гомдож байна шүү. Чи ээжийг минь… гэж эхэлбэл зөв.
4.Дохио зангаагаа анхаар. Санамсаргүй хуруугаараа зангах, нударга зангидах, ханцуйнаас нь атгах зэрэг нь түрэмгийллийг өдөөнө. Мөн өөр тийшээ харж байгаад ч юм уу, гараа элгэндээ эвхчихээд, эсвэл тээр тэнд очиж суучихаад хэрэлдэж болохгүй. Энэ бол үл тоомсорлосон байдалтай харагдах ба энэ нөхөр чинь ер нь үнэн хэрэлдээд байна уу, худлаа хэрэлдээд байна уу гэсэн эргэлзээ төрүүлнэ.
5.Дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээ. Орилж чарлаад эхэлбэл олигтой ч хэрэлдэж чадахгүй, өөрийгөө дэмий зовоохоос өөр юмгүй.
6.Хэрэлдэх газраа зөв сонгох хэрэгтэй. Хоолны ширээнд сууж байхдаа, эсвэл орондоо хэрэлдэж хэрхэвч болохгүй. Хооллож байхдаа хэрэлдвэл хоол боловсруулалтад муугаар нөлөөлнө. Ор хөнжил бол сэтгэл зүйн хувьд ойртон нийлж, сексийн таашаал авах газар болохоос биш, хэрүүл зодооны талбар биш. Тиймээс орондоо хэрэлдвэл дараа нь таашаал авахад хэцүүгээс гадна ор дэр чинь бие биеэ тарчлаан тамладаг тавцан болно. Тиймээс тухтайхан хэдэн үг солих аятайхан булан олох хэрэгтэй.
7.Нэгэнт хэрэлдсэн бол юунаас болсноо заавал тогтоож бай. Тэгэхгүй бол хамтын амьдралынхаа бүхий л хугацааны гомдлоо уудалж гурван жилийн өмнөх хогийн хувинг ч дурдахад хүрнэ. Тухайн үед тодруулаагүй шалтгаан сэтгэлд үлдэж дараачийн хэрүүлийн шалтгаан болно.
8.Чи яг эцэг шигээ бүтэлгүй амьтан гэх мэтээр ах дүүс, аав ээжээ дуудалцах хэрэггүй. Энэ бол хүний хамгийн эмзэг газар руу цохисонтой адил бөгөөд хамгийн аюултай тактик.
9.Хүүхдийнхээ дэргэд хэрэлдвэл сэтгэхүйд нь ноцтой хохирол учруулж байгаа хэрэг. Хүүхдийг маш хүнд байдалд оруулаад зогсохгүй өсч торниод гэр бүлтэй болсон хойно нь ч нөлөөлнө. Хүүхдийн дэргэд, хүүхдээс болж хэрэлдвэл бүр ч хөнөөлтэй.
10.Гутаан доромжилсон үг бүү цухуйлга. Эр, эм хэн ч байлаа гэсэн нэр төр, бэлгийн чадавхитай холбоотой доромжлалыг тэвчиж чаддаггүй. Тиймэрхүү агуулгатай г хэлэх гэж байвал хэлээ хазсан нь дээр.