Ариун цэврийг сахих

Хүмүүжлийн гадаад аливаа бүх илрэл энэ асар том дутагдлаас болж сайн сайхан бүх чанараа алддаг. Ариун цэвэр бус, хувцас хунар, бие нь хиртэй бохир байх юм бол хүний аливаа нандин чанар нь түүн шигээ хиртэй бохир тусгагддаг. Аливаа юм хичнээн цэвэр, тунгалаг, буртаггүй байх тусмаа нүдэнд төчнөөн дулаахан, үзэмжтэй сайхан харагддаг.
Ариун цэвэр гэдэгт цэвэр, үзэмж, эмх цэгц, хир буртаггүй зэрэг олон утга багтана. Дотуур хувцсаа долоо хоног тутам сольдог, халуун усанд тогтмол ордог, үс хумсаа байнга авдаг байх нь тэр хүний биеэ авч явахын гарцаагүй заавал хийдэг, тэргүй бол хоол унд идээгүйтэй адил үгүйлэгддэг, амьдралын шаардлага байх ёстой. Ахуй амьдрал дээрээ бол шалаа байнга угаадаг, хог шороогоо өдөр бүр цэвэрлэдэг, байр тасалгаандаа салхи оруулдаг, гар нүүр, бие засдаг газруудаа цэвэрхэн, сав суулга, гэр орон, ор дэрнийхээ хэрэглэлийг хиргүй цэвэр байлгах нь боловсон байдлын хууль ёсны шаардлага мөн.
Эдгээртэй уялдуулан хэлэхэд хүний өмсч эдлэх хувцас ч тэр, гэр орны хэрэглэл ч тэр үнэтэй, их, олон байснаараа боловсон болдоггүй. Харин хамгийн гол нь цэвэ.р, эрүүл мэндийн шаардлаганд тохирсноороо боловсон болдог гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Чихрийн цаас, юмны боодол, элдэв цаас, тамхины иш зэргийг заасан тогтоосон саванд хийхгүй байх, нус цэрээ хаа хамаагүй нулимах зэрэг нь тэвчиж болшгүй бүдүүлэг явдал мөн. Хүн бүр нусны алчууртай байх, түүнээ тухай бүр угааж, индүүдэж байх шаардлагатай. Индүүдэх гэдэг бол хувцас зөвхөн үрчлээгүй толигор байх ач холбогдолтой биш, бас элдэв нянг устгах ач холбогдолтой.
Энэ бүгдийг тус тус өгүүлэх гэвэл эс гүйцэх тул дүгнэн нэгтгэж хэлэхэд ариун цэвэрч бус хүн гэдэг бол бүдүүлэг хүн. Ариун цэвэрч бус байвал биеэ авч явах боловсон байдлын бусад амжилт, сайн талыг чинь үгүйсгэж, үнэ цэнийг нь алдуулах болно. Цамцны чинь зах харалсан буюу үсээ удаан засуулаагүй өрвийсөн буюу хүзүү чинь хиртэй байвал хичнээн ч сайхан хийцтэй, үнэ цэнэтэй костюм өмсөөд боловсон харагдахгүй, түүнийг чинь гутаах болно.