Асашёорюү хоёр дахиа ялагдлаа

Озэки Кайо сэкивакэ Точиазүмаг ялснаар тэд есөн даваатай болоод байна.
Асасэкирюү Б.Дашням маэгиширагийн баруун жигүүрийн 14-т бичигдсэн Оцукасаг ёрикиригээр, Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийн 12-т бичигдсэн Буюузаныг окуридашигаар, Кёкүшюзан Д.Батбаяр баруун жигүүрийн ест эрэмбэлэгдсэн Точисакег Хатакикоми мэхээр тус тус орхин даваагаа ахиуллаа. Ингэснээр Асасэкирюү, Хакухо нар адил есөн даваа, гурван унаатай болсон бол ахмад сүмоч Кёкүшюзан Д.Батбаяр маань хоёр даваатай боллоо. Тэрээр одоогоор 10 унаатай байгаа билээ.
Харин энэ сараас эхлэн дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Токитэнкү А.Хүчитбаатар Такановакад ёрикиригээр, Кёкүтэнхо Н.Цэвэгням Точинонадод сукунагегээр, их аварга Асашёорюү Д.Дагвадорж зүүн жигүүрийн сэкивакэ Ваканосатод хатгакикоми мэхээр өвдөг шороодлоо.
Ийнхүү Кёкүтэнхо долоон унаатай болсон тул үлдсэн гурван өдрийн барилдаанд унах эрхгүй болж, башёг ганцаар тэргүүлж явсан их аварга Асашёорюү хоёр унаатай болж зүүн жигүүрийн долоод жагссан Мияабияматай даваа, унаагаар тэнцэж эхлэв. Их аварга сүүлчийн гурван өдөр гурван озэкитэй барилдах учир их хичээх хэрэгтэй болж байна. Харин Токитэнкү А.Хүчитбаатарын хувьд найман унаатай болон гэнэнт тавин хувиа хийх боломжгүй боллоо. Тэрээр маэгиширагийн зүүний 17-д бичигдэж байгаа тул ирэх сард чансаа буурч Жүрё зиндаанд барилдаж магадгүй байна. Хэрвээ тэгвэл дээд зиндаанд дэвшин барилдсан Монголын сумочдоос Жүрё зиндаанд буун барилдсан анхны тохиолдол болох юм.
Өнөөдөр Токитэнкү А.Хүчитбаатар Кинкаяаматай, Хакухо М.Даваажаргал Коккайтай, Кёкүшюзан Д.Батбаяр Такановакатай, Асасэкирюү Б.Дашням Дэжиматай, Кёкүтэнхо Н.Цэвэгням Ивакияматай, их аварга Асашёорюү Д.Дагвадорж зүүн жигүүрийн озэки Мусояматай тус тус хүч үзнэ.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МYХАYТ/-аас Монгол Улсын гавьяат тамирчин, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.цэвэгням нарыг МYХАYТ-ын дээд шагнал болох Хийморь одонгоор шагнаж Монголын дүр төрх, имижийг илэрхийлэгч эрхэм элч буюу The image ambassador Mongolia өргөмжлөлийг олгохоор болжээ. Энэхүү одон, өргөмжлөлийг Монгол улсаа гадаад сурталчлах, гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлэн олгохоор болсон бөгөөд долдугаар сарын 21-ний өдөр МYХАYТ-аас гардуулан өгөх юм байна.
/Өдрийн сонин, 2004.07.16, 176/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button