Алдарт НВО анхаарлаа Лхагваад хандуулж байна

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Лас-Вегаст Лхагваа дэлхийн аварга болсон тоглолтын үед Л.Брюстер, В.Кличко нарын сурталчилгаа давамгайлж байсан бол энэ удаа бүх реклам манай Лхагваагийн зургаар дүүрчээ. Лхагваагийн өрсөлдөгч нь хэдийгээр Мексикийн харьяат боловч Хьюстон хотноо мэндэлсэн, уг хотдоо нэлээд олон тоглолтоо хийсэн учир хөгжөөн дэмжигчид бүгд түүний талд байх болов уу.
Baby Bull хэмээх хочтой энэ мексик залуу мэргэжлийн боксын рингэнд 24 удаа тоглохдоо нэг ч удаа ялагдаагүй бөгөөд чансаагаараа WBA-гийн номер 8-д бичигддэг боксчин юм. Түүнийг Ронни Шэйлдс дасгалжуулдаг агаад менежерээр нь Шэлли Финкел хэмээх хүн ажилладаг ажээ. Тулааныг шүүх рингийн шүүгчийн нэр ч тодорсон бөгөөд латик америк гаралтай Маркос Торес шүүх гэнэ. Ер нь товчоор хэлэхэд залуу нас /Лхагва 32, Диас 20 настай/, нутгийн дэвжээ, нэр нөлөөтэй менежер, шүүгчийн дэмжлэг гээд бүх талаар Диас илүү байх боломжтой байна.
Гэвч манай Лхагваад ч давуу талууд зөндөө байгаа. Дэлхийн аварга цолыг хоёр удаа хүртээд байгаа манай хүнд аваргын нэр сүр, намба буурь, туршлага хангалттай бий. Мөн биеийн чацаар ч Диасаас арай л өндөр. Ялж ялагдаж ч үзсэн хашир дайчин. Тэгэхээр энэ халз тулаан үнэхээр сонирхолтой болох нь. Өдгөө 30 жилийн ойгоо тэмдэглэж буй НВО сувгийнхан энэ оройн боксын шоуг Bad triple Header гээд нэрлэсэн нь ч зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байх. Америкт дэлхийн аварга цолыг авч чадсан юм хамгаалж чадах байлгүй дээ, Лхагва маань.
/Өнөөдөр, 2004.07.16, 165/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button