Хариуцлагыг МАХН-ын удирдлага хүлээх ёстой

Энэ шийдвэр нь цаг хугацааны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалаас эх орондоо эргэж ирэх өдөр буюу долдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулж болох цорын ганц ажлын өдөр байсан. Хэрэв анхдугаар чуулганы хугацааг айлчлалаас хойш зарлавал сонгуулийн дараахь энэ тодорхойгүй, маргаантай байдал нийгмийн дотор даамжирч болзошгүйг бодол-цож, энэ бүхнээс сэрэмжлэх, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх үүднээс хандсан гэдгийг сонгогч олон ойлгож байгаа гэж найдаж байна.
Түүнээс биш УИХ-ын зарим гишүүдийн ярьж байгаа шиг ямар нэг нам хүчинтэй далдуур үгсэн хэлцэж, зориуд яаран сандран тулган хүлээлгэх гэсэн зорилго санаа агуулаагүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд МАХН-аас сонгогдсон гишүүд намынхаа удирдлагын шийдвэрээр хүрэлцэн ирээгүй нь Хууль тогтоомжид нийцүүлэн гар-гасан Ерөнхийлөгчийн зар-лигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө гэсэн хуулийн заалтыг шууд зөрчлөө.
МАХН-ын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын анхдугаар чуулганы ирц бүрдээгүй байхад нээж хууль зөрчсөн гэж буруутгахыг оролдож байна. Гэтэл УИХ-ын тухай хуулийн 8.4-т нийт гишүүдийн олонхи бүрдсэн байх ёстой ирцийг УИХ-ын ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлтийн хуралдаанд заавал бүрдүүлэхээр зааж, харин анхдугаар болон хүндэтгэлийн чуулганы хувьд дээрх заалт хамаарахааргүй байна.
Тэгээд ч Ерөнхийлөгч зарлигийнхаа дагуу анхдугаар чуулганы нээлтийн ёслолын ажиллагааг эхлүүлж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэлээ тавьсан билээ. МАХН-аас сонгогдсон гишүүд анхдугаар чуулганд ирэхгүй нь тодорхой болж, хуульд заасанчлан УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн бүрэн эрх хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, шинэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцогдох нөхцөл бүрдээгүй учир чуулганы хуралдааныг завсарлуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үл ойшоож, УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг санаатайгаар тасалдуулж ийм ээдрээтэй нөхцөл байдалд хүргэсний хариуцлагыг МАХН-ын удирдлага хүлээх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч аль нэг нам, эвелийн бус зөвхөн сонгогч иргэд, нийт ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг эрхэм болгон ажиллаж байгаа хууль ёсны үйл ажиллагааг зориуд мушгин гуйвуулж, тэр ч байтугай хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэдгийг нийт ард иргэддээ сонордуулж байна гэжээ.
(өдрийн сонин 2004.07.16 176)