Ямар ч царай муутай хүнийг зөв засалттай, өнгөлөг үс өөд татдаг

Моодны чамин тансаг гоё сйхнаар хувцаслаж, нүүрээ хэр сайн будсан байлаа ч царайндаа тохирсон засалттай өнгөлөг үсгүйгээр яаж ч сайхан харагдах билээ дээ. Хүний сайхныг чимж өгдөг олон зэмсгийн хамгийн чухал нь үс. Тоос болсон, угаагаагүй, эв хавгүй самнасан үс хүний царайг дарж доожоогүй харагдуулдаг. Сайхан засалттай, өнгөлөг үс царай муутай хүнийг ч гоё харагдуулж, босоо шулуун үс нь намхан нуруутай хүнийг өндөрсгөж харагдуулдаг гээд үсний ид шид зөндөө байдаг. Иймээс үсээ зөв сайхан арчилж сурах хэрэгтэй.
Yсийг арчлах нь угаахаас эхэлдэг. Эхлээд шампуниа зөв сонго. Ямар ч сайн чанарын саван байлаа ч хэрэглэхээс татгалз.
Yсээ хэт халуун, хэт хүйтэн усаар угааж болохгүй. Yсээ угааж байхдаа массаж хийж болно. Массаж хийхдээ шанаанаас эхэлнэ. Шанааг гарынхаа хуруугаар тойрох хөдөлгөөн хийх маягаар дарж өгнө. Массаж нь тархин дахь цусны эргэлтийг сайжруулан тархийг сэргээдэг.
Толгой угаах усандаа бага зэрэг хүнсний сод хийн зөөлрүүлэх ба буцалсан усаар угаавал үс өнгөлөг болдог.
Yсээ угаасны дараа нэг литр усанд нэг цайны халбага байхаар бэлтгэсэн нимбэгийн шүүс, спирт, орос цууны уусмалаар үсээ угаахад үс гялалзсан зөөлөн, торгомсог болдог.
Хими хийхэд үс хугарч магадгүй тул үсээ угааж арчиж өөрөөр нь хатаавал сайн.
Yсэнд зохих хэмжээний тэжээллэг чанарыг нь нөхөн өгч байх шаардлагатай. Yүний тулд тэжээлийн тос, витаминуудыг үсэндээ түрхэж байгаарай.
Гандаж шарласан үсэнд зөгийн бал түрхээд цаг хиртэй алчуураар толгойгоо боож, шингэснийх нь дараа сайтар угаахад үсний чинь өнгө сэргэж урьдынх шиг чинь сайхан болно.
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань моод дагаад үсээ янз бүрийн л өнгөөр будах болж. Таны үс яг л нялх хүүхэд шиг байнгын арчилгааг шаарддагыг бүү мартаарай. Нүүр царайндаа тохирсон засалттай, эрүүл, өнгөлөг үстэй явахад та хамгаас илүү сайхан харагдана.
Засуулсан үс чинь таалагдахгүй бол…
Урд талын үсээ хэт богино тайрсан бол, богинодуулсан үсээ ургатал нь үснийхээ засалтын хэлбэрийг өөрчил. Эсвэл тэр хэсгийн үсээ нойтон харагдуулдаг гель түрхэж болно.
Засуулсан үс чинь таалагдахгүй бол дахин засуул. Эсвэл үсэндээ долгион оруулж эвгүй хэлбэрийг нуух хэрэгтэй.
Yсний үзүүр өвчилж салаалвал салаалсан хэсгийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй.
Yс халцарч бууралтах нь
Yс халцарч унах нь эрдэс, амин дэмийн дутмагшил, дотоод хордлогоос шалтгаалдаг учир түүнийг зогсоохын тулд витамин эрдсийн холимог бүхий хоолны нэмэлт тэжээлийг хэрэглэх шаардлагатай. Нас ахих тусам шим бодис, амин дэм, эрдсийн хэрэгцээ ихэсдэг бөгөөд түүнийг чанар сайтай нэмэлт бэлдмэлээр нөхөх шаардлагатай байдаг.
Yс бууралтах нь меланины солилцоотой холбоотой бөгөөд түүнийг зогсоох, үсийг өнгө оруулах бодисууд ч байдаг.