Ж.Бушийг Монголд айлчлахыг урив

Ерөнхийлөгч Н.Багабанди Иракийг сэргээн босгох, энхийг сахиулах үйлст Монголын цэргүүд АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн оролцож байгаа нь хоёр орны харилцааг ойртуулж нягтруулахын зэрэгцээ Иракийн ард түмэнд тусалж байгаа хэрэг хэмээн тэмдэглэн хэлэв. Мөн Ерөнхийлөгч Ж.Бушийн санаачилсан мянганы сорилтын санд Монгол орон багтах болсноор улс орны хөгжлийг хурдасгах, эдийн засаг, нийгмийн олон асуудлыг шийдэхэд ач холбогдолтой юм гээд Ерөнхийлөгч Бушийн өөр нэг санаачилга болох Дэлхйн энх тайвны үйл ажилагаанд Монгол улс оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч Ж.Буш хариу хэлэхдээ, Монгол орон хөгжлийнхөө зөв замыг сонгосон учир энэ тусламжийг авч байна. Энх тайвны санаачилга хөтөлбөрт оролцох хүсэлтийг ч дэмжиж байна гэв.
Ерөнхийлөгч Н.Багабанди өнөөдөр Монгол улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр-т гарын үсэг зурсан нь хоёр орны худалдаа, эдийн засагийн харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, цаашид чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжиж өгөхийг Ерөнхийлөгч Ж.Бушаас хүслээ.
Монгол улс ямар бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд нийлүүлж чадах вэ гэсэн Ж.Бушийн асуултад Н.Багабанди тодорхой хариулт өгч, Монголын эдийн засаг, худалдаа, экспортын боломжийн талаар ярьж танилцуулав. Түүнчлэн Монгол дахь Америкийн хөрөнгө оруулалтыг өсгөх, АНУ-д суралцах Монголын оюутан залуусын тоог нэмэгдүүлэх, Америкт ам ьдарч буй монголчуудад хууль журмын дагуу ажил эрхлэх бололцоог олгох зэрэг асуудлыг хөндөж тавилаа. Ерөнхийлөгч Ж.Буш Монгол улсын Ерөнхийлөгчийн тавьсан санал хүсэлтийг анхааралдаа авч дэмжихээ илэрхийлэв.
Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улс АНУ-ыг стратегийн түнш гэж үздэг бөгөөд албан ёсны айлчлалын дүнгээр гаргах хамтарсан албан мэдэгдлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Мөн Ерөнхийлөгч Ж.Бушийн сонгуулийн ажилд амжилт хүсээд Монгол улсад албан ёсоор айлчлахыг урив. АНУ-ын ерөнхийлөгч урилгыг талархан хүлээн авч, танай сайхан оронд очих их сонирхолтой байна гэлээ.
Ерөнхийлөгч нар цааш нь олон улсын зарим асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцов.
/Өнөөдөр, 2004.07.17, 166/