Хамгийн үнэтэй нь 13 сая

Монгол дархан-2004 үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн дуудлага худалдаа өчигдөр АПУ компани дээр боллоо. Yүнд 30 орчим дархчуулын урласан алт, мөнгөн аяга, сервиз, үнэт эрдэнийн шигтгээ бүхий мөнгөн тоногтой эмээл, хазаар, ташуур, сийлбэртэй ган дөрөө, Гонгор, Аюуш, Намсрай зэрэг бурхан, бүсгүй хүний цул мөнгөн баримал, мөнгөн бүс гээд маш нарийн хийцтэй үнэт бүтээлүүд тавигджээ. Эдгээрийн зарим нь Монгол дархан-2004 үзэсгэлнд зориулж хэдхэн сарын дотор хийсэн байхад зарим нь хоёр жилийн турш урласан бүтээл ч байх аж.
Дуудлага худалдаанд орж байгаа бүтээлүүд алт, мөнгө үнэт чулуунаас бүрдсэн болоод ч тэр үү анхны үнэ нэлээд өндөр байлаа. Тус худалдаанд тавигдсан хамгийн өндөр үнэтэй бүтээл нь Г.Баттулга дархны урласан алтан шармал, мөнгөн тоногтой эмээл, шүрэн шигтгээтэй хазаар, мөнгөн тоногтой хүрэн суман ташуур байлаа. Энэ бүтээлийн үнэ 13 сая төгрөг хүрч байв. Дархан О.Эрдэнэчулуун уг худалдаанд хамгийн олон бүтээлтэй ирсэн бөгөөд хамгийн хямд нь 500 мянган төгрөгийн сийлбэртэй ган дөрөө, 1-3 литрийн багтаамжтай их гарын малтан шармал мөнгөн аяга 2-2-2.5 сая, Намсрай, Дамдинчойжоо бурхад гурван сая 500-гаас дөрвөн сая 200 мянган төгрөгийн ханштай байлаа. Мөн түүний хийсэн сангийн бойпорын анхны үнэ н.ь 780 мянга байсан бөгөөд 790 мянган төгрөгөөр хамгийн түрүүнд зарагдсан.
Дуудлага худалдаанд оролцож байгаа бүтээлүүдээс нэлээд өвөрмөц гэж болох нь урлаач Д.Баттөмөрийн торгон дээр хатгаж оёсон бүтээл байлаа. Тэрээр Чингис хааны төрийн сүлд дуу Эртний сайхан уртын дууг уйгаржин бичгээр хатгаж урласан нь 500 мянган төгрөгөөр зарагдсан юм. Энэ үеэр зарагдсан бүтээлүүд ихэнхдээ анхны үнээрээ зарагдаж байсан бол дархан А.Ууганболдын урласан хээтэй мөнгөн аяга 300-840 мянга болтлоо өссөн.
/Өдрийн сонин, 2004.07.17, 177/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button