Гэр бүл цуцлалт
1.Нөхөр тань өөр хүнтэй бэлгийн харьцаа тогтоосон нь таныг түүнтэй хамт амьдрахад тэсвэрлэшгүй байдалд оруулж байгаагаас та ийнхүү шийдсэн
2.Нөхрийнхөө байнгын хүчирхийлэл дарамтыг тэсвэрлэхээ больсноос өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг бодолцсоноос та ийнхүү шийдсэн
3.Нөхөр тань таныг орхин хаяж явсан буюу өөр гэр бүлтэй болсноос та гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргасан
4.Та болон нөхөр тань хоёулаа бие биенээсээ дорж хаяж 6 сараас багагүй хугацаагаар салангид амьдарч байгаагаас та гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргасан.
Гэр бүл цуцалж болохгүй нөхцлүүд
-Та өөрөө жирэмсэн
-Хүүхэд тань нэг нас хүрээгүй
-Эсвэл нөхөр тань хүндээр өвчилсөн байх
Гэр бүл цуцлах ажиллагааны хоёр төрөл
1.Захиргааны журмаар цуцлах
Энэ нь гэрлэгчдийн гаргасанг хүсэлтийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага хянан үзэж гэрлэлтийн харилцааг дуусгавар болгож буй үйл ажиллагаа юм.
Энэ тохиолдолд та хоёр
1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн
2.Арван найм хүртэлх насны хүүхэдгүй
3.Эд хөрөнгийн маргаангүй байх ёстой.
Өөрөөр хэлбэл та болон нөхөр тань гэр бүл цуцлах бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.
Та болон нөхөр тань хоёулаа тус тусдаа бичиж гарын үсэг зурсан хүсэлтээ оршин суугаа газрынхаа Засаг даргын тамгын газарт гаргана.
Бүрдүүлэх бичиг баримт
-Гэрлэлтийн гэрчилгээ
-18 хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрынхаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-Таны өргөдлийг авч хэлэлцэх тухайлсан цагт таныг болон нөхрийг тань хоёуланг ирсэн байхыг шаарддаг. Хэрэв та хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй бол өөрийнхөө байхгүйд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн өргөдлийг хавсаргах хэрэгтэй.
2.Шүүхийн журмаар цуцлах
Энэ нь маргаантай гэр бүлийг цуцлах ажиллагаа юм. Доорхи үндэслэлүүдийн аль нэг нь байвал та шүүхэд хандаж болно.
1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшилцөөгүй
2.Арван наймаас доош насны хүүхэдтэй
3.Эд хөрөнгийн маргаантай
Шүүхээр гэрлэлтээ цуцлуулахын тулд та нэхэмжлэлээ өргөдөл хэлбэрээр гаргана.
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг хаана гаргах вэ?
Харилцагчийн буюу нөхрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд доорх тохиолдолд гаргаж болно.
1.Нөхрийн тань оршин суугаа газар тодорхойгүй
2.Та өөрөө бага насны хүүхэдтэй
3.Тахир дутуу
4.Бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нөхрийнхөө байгаа газар очиход бэрхшээлтэй байвал
Өргөдөлд заавал бичих зүйлс
-Хүүхдээ хэний асрамжинд үлдээх талаар
-Хүүхэддээ тэжээн тэтгэх тэтгэлэг авах тухай
-Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө өхувааж оногдох хэсгээ тодорхойлуулах тухай
Аюулгүйн төлөвлөгөө хий
-Таныг гэр бүлээ цуцлуулахаар шийдсэнийг болон шүүхэд өргөдөл өгснийг нөхөр тань мэдвэл түүний зүгээс танд учруулах дарамт, аюул занал улам илүү байх болно гэдгийг та бодолцоорой.
-Иймд өөрийнхөө ба хүүхдүүдийнхээ хувийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөн цаашид гарч болох хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө урьдчилан сэлтгэх зорилгоор аюулгүйн төлөвлөгөөг хийхийг хичээгээрэй.
-Нөхрийнхөө хүчирхийлэл үйлдэхэд ямар нэгэн хяналт тавих боломжгүй ч түүнтэй яаж харьцах талаар, аюулгүй байдлаа хангах талаар сонголт хийхэд аюулгүйн төлөвлөгөө танд тусална.
-Та аюулгүйн төлөвлөгөөг өөрөө болон хүүхдүүдтэйгээ хамтран хийж болно.
-Та хэрвээ аюулгүйн төлөвлөгөөг хийхээр шийдвэл хуулийн зөвлөгчөөс тусламж аваарай.