Эх орон-Ардчилал эвслийн түр бүлгийн ахлагчаар М.Энхсайханыг сонголоо

Эвслийн 35 хүн УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа. Тэд УИХ-ын анхдугаар чуулганы нээлтэд оролцсон. Иймд зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатай гэж үзээд ийнхүү бүлэг байгуулахаар шийдсэн байна.
Гишүүд санал бодлоо илэрхийлсний эцэст УИХ-ын гишүүний тангаргаа өргөөгүй байгааг харгалзан Эх орон-Ардчилал эвслээс парламентад сонгогдсон ги-шүүдийн түр бүлэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Эвслийн удирдлага одоохондоо түр бүлгийг удирдах нь зөв хэмээн тохиролцсон байна. Энэ дагуу Эх орон-Ардчилал эвслийн түр бүлгийн ахлагчаар Ардчилсан намын дарга М.Энхсайхан, дэд ахлагчаар Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, ИЗ-БНН-ын дарга С.Оюун нарыг сонгожээ. Түр бүлгээс хуулийн болон олон нийттэй харилцах хоёр ажлын хэсэг байгуулж эхнийхийг Б.Эрдэнэбат, нөгөөг нь С.Оюун ахлахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Хуулийн ажлын хэсэг нь УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт болсон дахин санал хураалтын асуудлаар шүүхэд хандах, улс төрийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд УИХ, Засгийн газрыг хуулийн дагуу байгуулахад анхаарах зэргийг хариуцах аж. С.Оюун гишүүний ахлах ажлын хэсэг олон нийттэй харилцах гүүр болж цаг үеийн бусад асуудалд анхаарах юм байна. Шинээр байгуулагдсан түр бүлэг нь УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж гишүүдиин бүрэн эрх баталгаажих хүртэл эвслийн гишүүдиин үйл ажиллагааг зохион байгуу-лалтад оруулах үүрэгтэй ажээ. Эвслийн түр бүлэг олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэх гэнэ.
УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт өнгөрсөн бямба гаригт болсон дахин санал хураалтыг хууль бус болсон хэмээн гишүүд үзэж Эх орон-Ардчилал эвслээс түүнийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргахаар болжээ. Маргаантай тойргийн асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд баримталжээ.
Уг хуралдаанаар Засгийн газрыг дангаараа байгуулах, эсвэл сөрөг хүчин болох, МАХН-тай хамтран Их эвслийн Засгийн газар байгуулах хувилбаруудыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч хойшлуулсан байна.
(өдрийн сонин 2004.07.20 179)