МАХН-ынхан хаалттай хуралдаж, Н.Энхбаярыгаа баалав

МАХН-ын Бага хурлын ҮII хуралдаан намынхаа цагаан байранд 11.00 цагт эхэлсэн. Мэдээж сэтгүүлчдийг оролцуулахгүй, хаалттайгаар.
Энэ өдөр МАХН-ын байрны гадаа УБЗ буюу Засгийн газрын дугаартай машинууд ярайтал эгнэсэн байв. Хуралдаан 14.00 цагт завсарлан, 18.00 цаг хүртэл үргэлжилсэн. МАХН-ын удирдлагууд өөрсдийгөө 37 суудал авсан хэмээж байгаа ч тэнд ялсан намынхны баяр, бардамнал огт харагдсангүй. Харин ч гишүүд нь бүгд уцаарласан, уймарсан, шок-ноос гараагүй хэвээр. Тэдний ийн уравгар байгаа нь өөрсдийгөө үнэмлэхүй олонхи болно гэ-дэгтээ дэндүү итгэлтэй байснаар тайлбарлаж болох. Угаас МАХН ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нэгэнт харуулсан билээ. Сонгуулийн өмнө тэд хүчний харьцаа 56×20 эсвэл 57×19 байхаар хэдийнэ тооцоолж, бүр албан тушаалын томилгоогоо товлоод байсан. Зарим УИХ-ын гишүүнээ нэрээ дэвшүүлэхээс татгал-зуулахын тулд гадаадад Элчин сайдаар томилно гэж аргадаж, сайд, дарга нарынхаа суудлыг урьдчилан товлоод мөнгө авчихсан байсан гэдэг. Нам нь үнэмлэхүй ялалт байгуулж чадалгүй, Засгийн газраа дангаар байгуулах боломжгүй болоход албан тушаал бат гэж итгээд мөнгөө өгчихсөн нь түүнийгээ нэхэн сандаргаж, зарим нь зөөлөн суудалгүй хоцрохоосоо айн сандарч байгаа болохоор Бага хурал нэлээд халуухан болно гэгдэж байсан юм.
МАХН үнэндээ дотооддоо бол өөрсдийгөө ялагдсан гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ялагдлынхаа дараа намын даргаа өөрчилдөг ёсоор Н.Энхбаярыг огцруулах яриа сэм өрнөх болсон.
Ялагдлын гол буруутан нь Үндэсний удирдагч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг гэж үзэж байгаа. Тиймээс уг хуралдаанаар буруутнууд ялангуяа Н.Энхбаярын эсрэг нэлээд хүчтэй шүүмжлэл өрнөхөөр байв. Н.Энхбаярын оронд намын даргын суудалд Элчин сайд С.Баярын нэр хүчтэй яригдаж байсан. Харин Н.Энхбаяр нэгэнт хусагдах дээрээ тулбал өөрийн фракцийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргилыг зүтгүүлэх бодолтой байсан. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Улаан, Ц.Баяртсайхан, Ганди нарын нэр яригдаж байсан аж. Хэрвээ МАХН илт давуу ялсан бол Т.Ганди хатагтай УИХ-ын дэд даргын суудалд бат гэж тоочиглож байсан аж. Харин Т.Ганди хатагтай хурал үргэлжилж байхад нөхрийнхөө хамт намын байрныхаа нэгдүгээр давхрын зоогийн газарт хүмүүстэйгээ уулзалдан удаан суусан. Бага хурлын гишүүд ч ихэд дэгэлзэж байгаа болол-той хуралдааны танхимаас байнга орж гарсаар…
МАХН-ынханд зориглож ам нээх хүн ховор байсан бололтой, 15.00 цаг хүртэл санал шүүмжлэл өрнөж байна гэснээс өөр ажиг сэжиг сонсогдсонгүй. Завсарлагаанаар хожимдож орж ирсэн Ц.Нямдорж тэр дороо л индэрт гарч ярьж эхлэхэд түүний байнга шударга гэж хашгирдаг зангаараа хэлсэн үг танхимд таалагдсан байх. Гэвч Н.Энхбаярын эсрэг эсэргүү яриа нам дарагдаагүй. Харамсалтай нь, С.Баярыг намын дарга болохыг дэмжигсэд гал өдөөж байсан нь Ерөнхийлөгчийн фракцийнхан гэдгээрээ амжилт олоогүй бололтой.
Юутай ч энэ удаа Н.Энхбаяр МАХН хэзээд нэгдмэл нэг дуугаар байх сануулгыг өгснөөр ямар нэгэн хөдөлгөөн болсонгүй.
(өдрийн сонин 2004.07.20 179)