Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна

Цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, Монгол-Америкийн төрийн дуулал эгшиглэн, 21 удаа ёслолын буудлага хийлээ. Пентагоноос холгүй орших Арлингтоны үндэсний оршуулгын газар дахь нэр нь тодроогүй дайчдын бунх нь Арлингтоны өндөрлөгт байдаг ба 1921 оны гуравдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын конгресс дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн нэр нь тодроогүй цэрэг эрсийг дурсгалын хөшөөний өмнө оршуулахыг зөвшөөрснөөр уг бунхан бий болжээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди АНУ-ын Yндэсний газарзүйн нийгэмлэгт зочилж тус удирдлагуудтай уулзаж хэлсэн үгэндээ, Yндэсний газарзүйн хүрээлэн Монгол улстай их эртнээс холбоотой явж ирсэн. Тус хүрээлэн Монгол улсыг дэлхий дахинаа таниулахад их зүйл хийсэн гэж би үзэж байна. Алдарт Эндрюсийн экспедиц Монголын говь нутагт гайхамшгийг нээж хүн төрөлхтөнд Монгол орны талаар шинжлэх ухааны үнэтэй бүтээлүүдийг хүргэж чадсан. Экспидецийн ойг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ, Монголын Шинжлэх ухааны академи, түүнийг мэддэг хүндэлдэг хүмүүс хамтран өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлсэн юм. Танай сэтгүүл дээр гардаг Монголын тухай материалууд их үнэ цэнэтэй байдаг. Монголын олон хүн танай телевизийн сувгийг үзэж байна гээд, монголчуудыг соён гэгээрүүлэхэд Yндэсний газарзүйн хүрээлэн их үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Монголтой холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл, нийтлэл, нэвтрүүлэг гээд бүхий л ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, газарзүйн нийгэмлэгийн зурагчдыг Монголд ахин очихыг урилаа.
Ерөнхийлөгч Н.Багабанди Yндэсний газарзүйн хүрээлэнд хадгалагдаж буй Монголын соёлын өвтэй холбоотой материалуудын талаар мэдээлэл солилцох ажил цаашид хийх сонирхолтой байгааг дурдаад, Монголд ойр ойрхон экспедиц, судлаач, зурагчид, сэтгүүлчдийг илгээж Монгол орны талаар шинэ шинэ мэдээ материалуудыг өөрийн суваг, сэтгүүл, сайт зэрэг мэдээллийн бүх сувгаар дамжуулан гаргахыг хүссэн байна.
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэллтай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцсан байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди айлчлалыг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг төрийн департамент, ялангуяа төрийн нарийн бичгийн даргын зүгээс онцгой анхаарч ирсэнд талархал илэрхийлээд, айлчлалын дүнд Монгол-Америкийн харилцаа нь түүхийн шинэ хуудас нээгдэж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол улсад үзүүлж буй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийг эрмэлзэж, алсдаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрээр цааш нь Монгол Улс АНУ-ын терроризмын эсрэг тэмцлийг эхнээс нь дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа хадгалах болно гэлээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл Монгол улсын ардчилал, шинэчлэлийн явцыг дэмжсээр ирснийг тэмдэглээд, Монгол улс олон улсын эрүүгийн шүүхийн тухай гэрээний 98 дугаар зүйлийн хүрээнд АНУ-ын санаачлагыг дэмжин хэлэлцээр байгуулсанд талархал илэрхийллээ. Мөн мянганы сорилтын корпорацийн удирдах зөвлөлийн даргын хувьд Монгол улс тус корпорацид өргөн барих төсөл нь сонгон шалгаруулах ажлыг олон нийтийн нээлттэй оролцоогоор зохион байгуулж буйд сэтгэл ханамжтай байгаагаа нотоллоо. Тэрээр цааш нь АНУ-аас Монгол улсад үзүүлж буй тусламжийн дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжийг судлан үзэхээ илэрхийлж Монголын шинээр сонгогдсон парламент үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулахыг АНУ анхааралтай ажиглах болно гэдгээ мэдэгдлээ.
Уулзалтын үеэр хоёр тал бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааны талаар санал солилцож, тус тусын байр суурийг илэрхийлсэн байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ.
/MN-25 телевиз/