Орон сууцны бохир иргэдийг бухимдуулж байна

Зургадугаар хорооны гэр хорооллын айлууд өнгөрсөн сарын эхнээс хальсан бохирын устай байлдаж эхэлжээ. Тэд өөрсдийн хүчээр бохирын цооногийг засч янзлах боломжгүй тул холбогдох албаны хүмүүст хандсан ч өнөөг хүртэл ялгадсан дунд амьдарч байна. Дүүрэг, хорооныхоо засаг дарга болон Ус суваг ашиглалтын газар гээд холбогдох бүхий л байгууллагуудад мэдэгдсэн ч бүгд толгой сэгсрэхээс өөр шийдвэртэй хариу аваагүй гэж гэр хорооллын иргэд гомдоллож байгаа юм. Дараа нь бүр сүүлдээ энэ бол хулгайн бохирын суваг гэж нийтийн амыг таглах болжээ. Мэдээж энэ сувгийг тавихдаа хэн нэгэн албан тушаалтнаас зөвшөөрөл авсан нь ойлгомжтой ч хариуцлага хүлээх болохоор холбогдох эзэн нь олдохгүй юм гэж аргаа барсан оршин суугчид бидэнд ярилаа.
-Ямар ч албан газар үүнийг хариуцаж аваагүй гэж бид нарт арга хэмжээ авч өгдөггүй. Бид энэ баас шээстэй усаа шавхаад, гэр орон дотроо оруулаад амьдрах арга нөхцөл байхгүй болчихлоо. Иймд танай телевизэд хандаж энэ орчныг эзэнтэй болгож сайхан ариутгаж өгөөч, хөрсөөр нь цэвэрлэж өгөөч гэж л бид нар хүсч байна.
Оршин суугчид удаа дараалан хүсэлт тавьсаар… Ус суваг ашиглалтын газраас манайд уг нь хамааралгүй ч наадмын өдөр юм байна гээд хэдэн хүн ирж засварлаж өгсөн байна. Гэхдээ хэд хоногоос дахин янзлахгүй бол энэ байдал үргэлжилнэ гэж хэлжээ. Зуны улиралд муу усны хоолойн бөглөрлөөс болж элдэв янзын халдварт өвчин дэгдэх вий гэж оршин суугчид эмээж байгаа юм байна. Учир мэдэхгүй хүүхдүүд бохир усыг борооны ус гэж тоглоод байхаар нь тэр хавийн айлууд ариутгал хийлгэхээ зохих байгууллагуудад нь хандсан ч тэд нэг айлаас 1500 төгрөг аваад зөвхөн жорлонд нь ариутгах бодис цацаж өгсөн гэнэ.
Хашаанаас хашаанд дамжиж байгаа бохир ус айлуудын жорлон, гэрийн шал, амбаар, эд илжрүүлсээр байгаа юм. Зарим айлууд жорлон бохирын устай нийлж халиад тэр хавьдаа хүн тогтохын аргагүй болж байгаа гэнэ. Өмхий үнэрт байж ядаж байгаа иргэд бохирын цооногийг хурдан засч янзалж өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас хүч байгаа юм.
/MN-25/