Жоом

10-15 мм урт хүрэн бор, хар, шар өнгөтэй, том нүдтэй ташуу хэлбэрийн хоёр сахалтай, цээжиндээ бараан судалтай, хос далавчтай, гурван хос хөлтэй. Нэг шар жоом нэг удаад 28-56 өндөг гаргаж, 2-2.5 жил амьдрах хугацаандаа 4 удаа өндөглөж нийт 244 өндөг гаргадаг. Бие гүйцсэн жоом болтлоо 5-6 удаа гуужилт явагдах замаар том болдог. Энэ гуужилтыг жоомны нас гэж үздэг.
Өндөг нь авгалдайн шат дамжиж, бие гүйцнэ. Өндгөө уутанд гарган, 5.5 мм урт өндөгтэй. Уутыг эмэгчин жоом хэвлийнхээ араас чирж явна. Жоом шөнийн хооллолттой бөгөөд өдөр нь өөрийнхөө нуугддаг газар орчихоод гарч ирдэггүй. Жоом нийтдээ 40 гаруй төрлийн хоол иддэг боловч шарсан, хайрсан гэх мэт хиншүү гаргадаг хоолонд илүү дур сонирхолтой байдаг. Иймд талх, нарийн боов хийдэг газар, хоолны газруудад элбэг байдаг. Хоолгүйгээр 30-40 хоног, авгалдай 22 хоног байж чадна.
Улирал бүрт үржил явагдана. Жоом үрждэг гол газрууд нь дулааны шугам сүлжээ, парны ар тал, зурагт, хөргөгчний мотор, компьютер, плитка, пийшин, пелта, хананы ар тал юм. Иймд устгал хийхдээ эдгээр газрыг онцлон анхаарах шаардлагатай. Жоомыг устгахад гуужилтын 1-3 дугаар үед маш үр дүнтэй. Жоом устгалыг мэргэжлийн хүмүүс жоомны амьдралын үечлэлийг тохируулан хийх нь үр дүнтэйгээс гадна иргэд, хөдөлмөрчид жоом гаднаас орж ирж болох нүх сүвийг бөглөх шаардлагатай.
Жоомыг цохиж устгах арга зохимжгүй байдаг. Жоом нь халдварт шар, балнад, бусад суулгалт өвчнүүд, сүрьеэ, цагаан хорхойтох өвчнийг дамжуулан тараагч болдгоороо маш аюултай.