Эрэгтэйчүүдийн соёлын түвшин юугаар илрэх вэ?

Манай нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй билээ. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын ялгаа арилаагүй шүү дээ. Эрэгтэйчүүдийн соёлын тухай асуудлыг онцлон авах болсон тухай өгүүлэхэд эрэгтэй хүн бол хүчтэй хүйс гэж нэрлэгдэх хүн төрөлхтний тал хувь нь, цаашилбал өрхийн тэргүүлэгч, үр хүүхдийн эцэг хүн учраас эмэгтэйчүүдийн өмөг түшиг нь болох учиртай юм байна.
М.Горькийн хэлснээр эрэгтэй хүний соёлын түвшин нь эмэгтэй хүнд хандах хандлагаар тодорхойлогддог ажээ. Тэгэхээр ямар хэвшил өөртөө тогтоох вэ?
Эмэгтэй хүнд халамж анхааралтай хандаж сурах ёстой. Шатаар буух, унаанаас гарахдаа өмнө нь гарч гараас нь түшин тосон авах, хаалгаар орохдоо хаалга онгойлгож урдаа оруулах, хувцас тайлах, өмсөхөд нь туслах, барьж яваа хүнд юмыг нь өргөх, зөөх ёстой. Ялангуяа автобус, нийтийн унаанд суухдаа хүүхэд, настайчууд, эмэгтэйчүүдийг эхлэн оруулж байж дараа нь өөрсөө орж сурах хэрэгтэй.
Эрэгтэй хүн албан тушаалаар илүү ч байлаа гэсэн эмэгтэй хүнтэй түрүүлж мэндлэх боловч гар барих гэж эхэлж гараа сарвайдаггүй юм. Бүжигт эмэгтэй хүнийг уриад дуусмагц байранд нь хүргэж өгөөд баярласнаа илэрхийлэх, дайллага, цайллаганд баруун гартаа суугаа эмэгтэйд үйлчлэх зэрэг бол соёлтой хүний наад захын хэвшил байх учиртай.
Гадаа гудамжинд нус цэрээ ил задгай хаях явдал бол ихээхэн бүдүүлэгт тооцогддог зүйлийн нэг байдаг. Тэрчлэн цэцгийн саванд тамхи унтраах, тамхины ишийг хаа ч хамаагүй хаях, бүдүүлэг үг хараал хэлэх, дэс дараалал эвдэх, урдуур нь зүтгэх, хиртэй цамц, хувцастай явах зэргийг ч жигшвэл зохино.
Эрэгтэй хүн олны дунд явахдаа индүүдээгүй бохир нусны алчуур гаргаж хэрэглэвэл соёлч бус байдлын илрэл гэж үздэг юм. Бас хүүхдийн юм уу, эмэгтэй хүний жижигхэн нусны алчуур ч эрэгтэй хүнд зохимжгүй.
Эрэгтэйчүүдийн хувцаслалтанд оймс, зангиа хоёр шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Цамц, пиджакны өнгөнд зохицсон зангиа, оймс эдлэхийг хичээж шилж сонгохдоо анхаарч байхад илүүдэхгүй биз ээ.